Хүлээсгүй ХҮСЭЛ
Балбар найрагчид тоогдсон нь
Р.Эмүжин Өнөөдөр сониноос гараад 10 гаруй жил өнгөрчээ. Уншигчид түүнийг өдөр тутмын сонин хэмээх цаасан хэвлэлийн хуудаснаас үгүйлж асан ч ир, ур, ад, зориг үнэртдэг үзэл санаанд нь тулгуурласан нийтлэл өдөр бүр өөр орон зайгаар дамжин хүрсээр эчнээ мэддэг болчихож. Уг нь хамгийн анх аравдугаар ангиа төгсөөд Элсэлтийн ерөнхий шалгалтынхаа үеэр бичсэн нийтлэлээрээ тэр сэтгүүлзүй хэмээх их айл руу хөглүүлж, хөтлөгдсөн байдаг юм. 18-тай охин яг юу бичиж буйгаа сайн ойлгохгүй. Сэтгүүлзүйд ямар төрөл жанр байдгийг гадарлах үе нь ч биш. Эргээд бодоход бэсрэгхэн нийтлэл байж. Ардчилсан хувьсгалын нөлөөнд нийгмийн уур амьсгал нь өөрчлөгдсөн 1991 оны хавар юм. Энэ тухай хэвлэлээс уншина, телевизээр үзнэ, тэрүүхэндээ ойлгож, гадарлана. Нийгмээрээ өөр туяа татаж эхэлснийг төгсөх ангийн сурагч ой тоондоо мэдэрч, бас гадарлав. Нэг үүрний сүрэг шоргоолжны амьдралын өөрчлөлтийн тухай бичлээ. Тэгсэн атлаа ямар ч хүн уншсан шууд улс төрийн өнгө аястайг нь ойлгохоор. Ухаж уншдаггүй, оюундаа тунгаадаггүй хэсэгт зүгээр шоргоолжны талаар бодогдохоор. А4-ийн цаасны л хэмжээтэй, сонины хэллэгээр дөрөвний нэг орчим. Гараараа бичнэ. Сурагчийн ширээнээс их сургуулийн босго давах анхны чухал сонголтоо хийж буй охины хамгийн хариуцлагатай үедээ бичсэн сэдэв улс төрийн агуулгатай байсан нь сонирхолтой бөгөөд жигтэй. Яагаад ч тэгж бодож бичсэн юм. Гэхдээ энэ бол гайхширч, шогшрох шалтгаан биш. Угаасаа нийгмийн асуудлыг анхаарах сэдэл арван жилд сурахаас төрсөн юм билээ, түүнд.
Бүр урагшаа яривал, Говь-Алтайд Дашчойлин хийд нээлтээ хийсэн үетэй холбогдоно. Нийгэм өөрчлөгдөх үед. Хотоос Балбар найрагч очиж таарчээ. Ээж нь монгол хэл уран зохиолын багш, аав нь статистикийн газрын дарга насаараа хийсэн хүн. Буудал байхгүй. Хотоос ирсэн хүмүүст ээлжилж хоол хийж өгнө. Аймагт нь олигтой сайн ресторан байхгүйтэй холбоотой. Яг ийм тогтолцоо сөөлжиж явсаар аавынд ирэхэд Балбар найрагчийг хүлээж авсан байгаа юм. Эмүжингийн тухайд ид дугуй унадаг хүүхэд. Морины дэл бус дугуйны суудал дээр өнгөрүүлсэн хүүхэд нас. Бидний нэрлэж заншсанаар “Украйн”. Дугуйгаа тавиад ороод иртэл аавын дуу гарч байна, “Манай охин ирлээ” гэсээр.
Корридороос нэвт харагдана. Найрагч Балбар гэрт орж ирснийг Эмүжин анзаарахгүй, сигнал ч төрөхгүй. Ийм хүн байдаг юм уу гэсэн цочрол төрсөнгүй. Дугуйгаа л оруулах ажилтай охин. Амьхандаа дугуйгаа байрлуулчихаад дахиад тоглох хүсэлтэй. Багаасаа тэр эрх дураараа, өөрийнхөөрөө өссөн хүн шүү дээ. Дуртай дургүй хаалгаа хаачихаад очлоо. Магадгүй тэр бүгдийг О.Дашбалбар гуай тайван, алсуурхан анзаарсны эцэст бяцхан Эмүжингээр шүлэг дуудуулсан байх, очлоо. Хамгийн богинохон шүлгээ дуудав. Хурдан гарахын түүс болсон балчир охин. “Хөхөл үдшийн хормойд. Гөлгөн салхи гийнаж. Хөнгөн сормуустай одод. Гөрмөл зүүднээ тэнүүчилнэ. Зоосон улаан шөнийг. Золбин ноход хэмлэж... гэсээр дуудлаа. Хэдий балчир охин ч цэвэр мэдрэмжийн шүлэг. “Энэ чинь шүлэг байна” Балбар найрагч өөрийг сураглалаа. “Шөнийн тэнгэр” гээд дуржигнууллаа. Хуучинсаг сэтгэлгээ хэлбэрт тэр анхнаасаа дуртай биш байжээ. Дуржиганатал уншиж, дуусав уу үгүй юу гараад гүйчихлээ. Үүдэнд хүүхдүүд хүлээж байгаа...
Балбар гуай ч тоосон шинжгүй “Энэ хүүхдийг сургууль төгсөхөөр нь над руу явуул” хэмээн аавд нь хэлээд үлджээ. Хожим бодох нь ээ, тухайн цаг үедээ О.Дашбалбар чөлөөт зохиолчдын хороог байгуулаад бужигнуулж байсан үе байв. Зохиолчдын нөхцөл байдлаас үүдэн хорооны бодлого, зохион байгуулалтыг өөрчлөх, шинэ салхи оруулах санаачилгыг түүчээлж явсан гэсэн үг.
Тэгж явтал Найргийн хурим наадмаас тусгай урилга ирлээ. Найрагчид бусдыгаа хүнээр хэлүүлэлтгүй танина. Харин Эмүжин байгалийн хагас “зэрлэг” охин. Одоо ч тийм. Алтайн охинд урилга ирэхэд аав гайхав, ээж ангайв. Яаж явуулах вэ? онгоцонд суулгахаар болов. Тийн анхныхаа наадамд оролцож, сүүлийн тавд үлдсэн нь түүний мэдрэмж багаасаа тодорсныг илтгэнэ.
Их сургуулиа төгссөний маргааш Өнөөдөр сонинд ажилд орлоо. Тухайн үед Ил товчоо, Утга зохиол урлаг сонинд Эмүжингийн шүлгийг нийтэлнэ. Заримыг нь харахгүй, мэдэхгүй. Хүнээс л сонсоно. Оюутан хүн тэр бүгдийг захиалж үзэхгүй, худалдан авч чадахгүй. Хожим эргээд бодоход төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар агсан хурааж, цуглуулаад хэд хэдэн газраар хэвлүүлж, нийтлүүлсэн нь тэр болов уу. Анхнаасаа өсөх ирээдүйтэй шавиа тойглож, тордох нь багш хүнд байдаг байгалийн гэхээсээ мэргэжлийн өгөгдөл, бас мэдрэмж. Эмүжин өөрөө гуйж яваагүй, ерөөсөө л хэнэггүй, эрх дураараа талдаа оюутан учраас энэ бүхнийг анзаарахгүй. Нийтлэгдсэн байна хэмээн оодорч, онгирохгүй. Ил товчоо, Утга зохиол урлаг, бас нэгэн өдөр тутмын сонины бүтэн нүүр шүлэг гарчээ. ...Хонгор хүү минь чи намайг энхрийл Хорьж байсан ч даашинзыг минь тайч... шүлгээ бичсэний дараа яруу найрагч Шагдарын Уянга өөрийн биеэр сургууль дээр нь ирж, “Энэ шүлэгний төлөө ах нь чамтай танилцахаар ирлээ” гэжээ. Шүлэг нь өөрөө эротик маягийн жанртай ч тэр яруу найрагч өөрөө ирж мэхийн хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Цаг бусаар хорвоог орхисон яруу найрагчдынхаа араас ямар нэгэн дүгнэлт, тайлбар хийхэд Эмүжин дургүй.
"Эсэргүү оюутан"
Сурагчийн ширээнээс оюутны амьдрал руу шилжихэд түүний эл эрх чөлөө илүү тодорсон байдаг юм. Жил гаруйн хугацаа өргөсний дараа ахлах ангийн оюутнуудтайгаа найз боллоо. Бүр хичээл хаялт зохион байгуулах “Онцгой комисс”-ын тэргүүн фронтод явсан түүхтэй. Оройлж оролцсон таван оюутны нэг нь. Дунд сургуульд байхаасаа аймгийнхаа номын санг гэр рүүгээ “нүүлгэх” нь холгүй уншсан хүнд мэдэхгүйгээсээ мэдэх нь их. Их сургуульд оров уу, үгүй юу тэр бүгдийг зааж байх юм. Мэддэг юм заагаад байна, хичээлийн хөтөлбөртөө шинэчлэл хий ухааны юм ярив, бусдадаа уриалав. Дөрөв, тавдугаар курсын оюутнуудтайгаа нийлж бослого маягийн юм зохион байгуулж байгаа хэрэг. Нэгдүгээр курсын ганцхан оюутан.
Хаваржингаа хичээл хаялт зарлалаа. Улаанбаатарт Ардчилсан хувьсгал болоод байдаг. Ховдод оюутнуудын хичээл хаялт... Их сургуулийн багш нар нь хотод үүссэн асуудлыг мэдэгдэхгүйг хичээнэ. Сонирхол нь ч тийм. Харин оюутнууд, тэр дундаа Эмүжин өөр бодолтой. Төвөөс сурвалжлагч, сэтгүүлч ирж их сургуулийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл бэлтгээсэй гэх агуулгатай. Хэн хэн нь эсрэг тэсрэг байр суурьтай. Удсан ч үгүй асуудлыг шийдлээ. Оюутнууд ялжээ. Багш нар буулт хийж, хичээлийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулснаар, хэвийн уур амьсгалд шилжив. Гэвч багш, оюутан хоорондын гар барьсан тохироо бүрдсэн ч хичээл хаялт санаачилсан нэр бүхий хүнд амаргүй даваа ирлээ. Сургуулийн захиргаанаас аав, ээжийнхээ нэгийг ирүүлэхийг шаардав. Хаа байсан Говь-Алтай шүү дээ, 500 км-ийн цаана... Холбогдлоо, ирлээ. Хэвлийгээсээ төрүүлж, энгэртээ тэвэрснээрээ ээж хүн, эх хүний сэтгэлийн үзүүр “ЗИЛ-130” машинтай Ховд руу явуулах сэдлийг өрдсөн байна.
Сургуулийн захиргааны үүдэнд хүлээж суух оюутан охин... Төд удалгүй гараад ирлээ, ээж нь. “Чи ямар хэрэг хийсэн юм” гээд орсон хүн. Уулаасаа хичээл хаялт зарласныг хэрэг хийсэн гэж бодохгүй. Бодох ч үгүй, зүй ёсны шаардлага тавьснаа зөвтгөх охин. “Та яагаад тэгж асуугаад байгаа юм” хэмээн сөргүүллээ. Ховдын их сургууль нь УБИС-ийн салбар. Энэ хүрээнд “Охиноо Улаанбаатар буюу төв сургууль руу шилжүүл. Говь-Алтайнх юм чинь цаашаа явахаар ялгаа байхгүй. Шилжүүлэхийг зөвшөөрвөл бүгдийг зохицуулна” гэж захиргааны зүгээс хэлснийг охиндоо учирлалаа. Шууд зөвшөөрөх нь тэр. Гарын үсгээ зурлаа, нэг ёсондоо Эмүжин Ховдоос Улаанбаатар руу дэвшүүлэн “зайлуулагдлаа”. Алтай нутгаас шар охин ирчихээд амар заяаг нь үзүүлэхгүй байсныг сургуулийн удирдлагууд нь тийнхүү боловсон аргаар шийджээ. Багаасаа уншиж, бичихдээ дориун, тэр хэрэндээ гадаад, дотоодын ном зохиол уншсан оюутан болохын цагт багш нартайгаа тухайлсан сэдвээрээ “цэц булаацалдах” хэмжээний төвшинд очиж таарна. Эмүжин тийм л байв.
Матиматек, геометрийн хичээлдээ үнэхээр сайн сурагч явлаа, үүнийг бүгд мэднэ. Аймгийн олимпиадад тэргүүн байр. Дээд ангийн сурагчидтай уралдаж бодно. Аав нь эдийн засагч. Аавын ухаан үр хүүхдэд өвлөгддөг, Эмүжингээр тод илэрнэ. Гагцхүү арван жилээ төгсөхдөө яагаад ч юм өөр сонголт хийсэн нь утга зохиол, сэтгүүлч. Шилжиж ирлээ, О.Дашбалбар, Борхүү багш нар хүлээн авч байна. Балбар хэлж зэмлэж байна. Хүний нүдийг харж байгаад нүүрэн дээр нь хэлдэг хүн. “Хүн болгон хүсдэг сургууль шүү дээ, МУИС чинь. Чи яахаараа Монгол Улсын Их Сургуульд сурдаг юм. Чамд тэндээс хүлээх юм байхгүй” гэсээр Балбар цамналаа. Өөрийнхөө үзэл бодлыг тулгахгүйгээр шууд хэлдэг нь Балбар агсны ИДЕАЛ. Өнөөгийн том зохиолчдод хичээл орсон, магадгүй бүгд түүгээр дамжин өнөөдрийн өндөрлөгтөө хүрсэн болов уу? Нэвт хэлнэ, зэмлэнэ, зарим үедээ зөвлөнө, дэмжинэ.
Яагаад...
Хүн болгон МУИС-д орохыг мөрөөддөг атал Балбар найрагч Эмүжингийн “Яагаад” гэх бодлыг хэдхэн үг, өгүүлбэрээр өөрчлөнө гэж хэн санах вэ?. Хүн болгоны хүсч, тэмүүлдэг сургууль руу орвол “Гурвалжин, дөрвөлжин чигээрээ дуусна” ухааны юм ярьсан нь Ховдод дэврүүн явсан Эмүжингийн зүрхэнд тусчээ. “Чиний ганц баялаг бол чи өөрөө. Түүнийгээ өөртөө авч үлдэнэ гэж бодож байвал Зохиолчдын хорооны дэргэдэх сургуульд ор” гэж байна. Дахиад л гөжүүдлэв. Яагаад сургууль, яадаг орчин... Уг нь уур амьсгал өөр байна...
Гэсээр өөрийнхөө сонголтыг хийлээ. Утга зохиолынхон голдуу хичээл заана, мэдээж томчууд. Бас Балбар найрагч. Охин Мөнгөндалайгаа сургуульдаа оруулжээ, Эмүжинтэй нас сацуу. Гуай л гэнэ, үнэндээ монголчуудын дунд түгсэн хамгийн түгээмэл ойлголт, авгайлж буй нэр томьёо.
Төгсдөг жил сургууль нь хувьчлагджээ. 1996 онд. Сургуулиа төгсөөд Өнөөдөрт орлоо. Хамгийн анх Ардын эрхийн хашаа руу зорьж очиход, Б.Галаарид гуайтай тааралджээ. “Хүүе Эмүжин юу хийж яваа юм” гэхэд “Ажил хийнэ ээ” гэсэнд Өнөөдөрт орно шүү хэмээн зөвлөхийн хажуугаар лүндэн буулгасан гэдэг. Ингэж тэр Ардын эрхийн шар байранд ажилд орлоо. Орохдоо мэдээ бичсэнгүй. Үүнийхээ төлөө “цагаан гар”-тай сэтгүүлч хэмээн нэр зүүсэн цаг хугацаа цөөнгүй. “Тэр цагийн гөлөг, энэ цагийн хүүхэд” нэртэй нийтлэл анхных нь, өдөр тутмын сонинд ажилд орсны хувьд. Тухайн үеийн нийгэмд үр хөндөлт асар ихэссэн он жилүүд. Уг нь сурвалжилга хийжээ, түүнийгээ ч бичье гэтэл нийтлэл хий гэжээ.
Үргэлжлэл бий.
С.Гандөл