А.Ариунзаяа: Тэтгэврийн нэмэгдэл өнөөдрөөс орж эхэллээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2022 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж, тэтгэврийг нэмэхээр болсон юм.

Тэрбээр "Засгийн газраас 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 дугаар тоот тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоол нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх. Үүнд:

  • Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэх
  • НД-ийн сангаас авч байгаа тэтгэврүүдийг буюу бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянганд хүргэх зорилготой.

Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тогтоол гарсан даруйд тэтгэврийг олгох үүрэг даалгавар өгсөн. Инфляцын түвшинтэй уялдуулаад 15 хувь нэмэгдүүллээ. 2021 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр авч байна.

УИХ-аар төсвийн тодотголоо өчигдөр батлуулсан. 637 орчим тэрбум төгрөг тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай болж байгаа юм. 

  • 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр
  • 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
  • 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.
  • Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж, 548.4 мянган төгрөгт хүрч байна.

Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 469 мянган иргэний хувьд энэхүү нэмэгдэл үйлчилнэ. Тухайлбал, 

  • Өндөр настны 
  • Тэжээгчээ алдсаны 
  • Цэргийн тэтгэвэр 
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг олгодог. 

Банкуудад нэмэгдсэн дүнгээр жагсаалт олгосон. Тэтгэвэр иргэдийн дансанд орж эхэлсэн. Банкуудын удирдлагуудтай ярихад 3-4 цагийн дотор шилжүүлгүүд гүйцнэ гэсэн" гэлээ.