Тэдэнд түүхэнд үлдэх боломж ирлээ

Улс төрд түүх давтагдана гэж үнэн ажээ. 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хэдхэн сарын дараа маргаан дагуулсан Хөгжлийн банкны зээл тойрсон асуудал энэ парламентын үед ч дахин өдөллөө. Ялгаатай нь Засгийн эрхэнд шилжсэн МАН, 2012-2016 онд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн тоо хэмжээ, баримтад үндэслэж, шалтгалт хийсэн бол энэ удаад өөрсдөдөө ч хамаарах асуудлын мөрөөр орсон нь улс төр, нийгмийн анхаарлын төв цэг болсоор удав. "Ах нам"-ын генсек Д.Амарбаясгалан ч Хөгжлийн банктай холбоотой асуудлаар эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай нам харгалзахгүй хатуу тэмцэхээ мэдэгдсэн нь үүний бодит жишээ.

2016 оны есдүгээр сард юм. Хөгжлийн банканд шалтгалт хийх Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг томилж байв. Ажлын хэсэг сар гаруйн хугацаанд шалгалт хийж, гаргасан дүгнэлтээ хэвлэлийнхэнд танилцуулж байлаа. Тэгэхэд эл банкнаас нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг Дэд сайд Б.Энхбаяр онцолж байв. Улмаар УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг дүгнэлттэй танилцах байсан ч хоёр сарын турш тодорхойгүй шалтгаанаар дуншсаар 2016 оны арванхоёрдугаар сар хүргэснээр эцэстээ хэлэлцсэн байдаг юм. Гэвч Байнгын хороодын хамтарсан хуралдаан бүхэлдээ улстөржсөн байдлаар өрнөснөөс бусдаар илэрсэн зөрчлийг хэрхэх гарц шийдлийг олоогүй. Удалгүй 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн уур амьсгалд шилжсэнээр Хөгжлийн банктай холбоотой маргаан бараг мартагдсан. Энэ хугацаанд удирдлагын төвшинд шинэчлэл хийснээс бус 1.3 их наядын санхүүгийн зөрчил замхарсан юм.

Хачирхалтай нь, МАН улиран эрх барьж буй энэ цаг үед 3.2 их наяд төгрөгийн активтай Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 1.6 их наядыг давжээ. Нийт активын 55.4 хувь буюу хасах руу шилжсэн үзүүлэлт гэсэн үг. Эндээс 841 тэрбум төгрөгийн зээлтэй 25 аж ахуйн нэгж, компанийг шүүхэд өгсөн тухайгаа банкны удирдлагын зүгээс мэдэгдээд байгаа юм. Нэг үгээр 2016 оны аравдугаар сард 1.3 их наядын санхүүгийн зөрчилтэй явсан Хөгжлийн банкны актив 2022 оны нэгдүгээр сард хасах руу орж, 1.6 их наядын чанаргүй зээлт болсон нь энэ. Зөвхөн Хөгжлийн банкаар зогсохгүй улс төрийн хүрээлэл, эрх баригч МАН-ыг ч чиглэж мэдэх эл асуудал ирэх хаврын чуулганы гол сэдэв байх нь мэдээж. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь Б.Баттөмөр гишүүнийг томилсон нь учиртай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг шалгах чиглэлийг АТГ-т өгсөн бол УИХ-ын даргын зүгээс ийнхүү Ажлын хэсэг байгуулж, шалгахаар болсон хэрэг. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёулаа Хөгжлийн банкийг холгоно гэсэн үг. Засгийн тэргүүний өгсөн чиглэл, Спикерийн гаргасан захирамжийн дагуу үнэхээр зээл тойрсон асуудлыг цэгцэлж, тэнд бугшсан хулгайг илрүүлбэл сайн хэрэг. Хамгийн гол нь, Хөгжлийн банк өөрөө хохиролгүй, тэндээс гаргасан зээлийг бүрэн төлүүлэх ёстой. 

Гэхдээ эдгээрээс илүү нэг чухал асуудал байна. Тэр нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Дэд сайдаар ажиллаж байхдаа ахалсан Ажлын хэсгийн шалгалтын дүн. Учир нь, Хөгжлийн банканд холбогдох өргөн цар хүрээг хамарсан шалгалтаар хэд хэдэн ноцтой асуудал руу орж, 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлсэн нь өнөөдрийнхтэй агаар нэг шуугианыг тухайн үедээ тарьж байв. МАН-ын шударга гишүүдийн нүдний гэм, амны бай болсон "60 тэрбум"-аас 20 дахин их мөнгө. Тоо хэлээр Улаанбаатар хотын гэр хорооллын бараг айл болгонд "Приус" машин авч өгөх хэмжээний. Үүнд төмөр замын хэрэг ч багтдаг. Гагцхүү тухайн үеийн Ажлын хэсгийн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хаалттай сонссон байдаг. Улмаар УИХ, Намын бүлэгт танилцуулсан гэдэг. Гэхдээ хаалттай. Нэгэнт хаалттай хуралдаанд танилцуулсан учраас улсын нууцад хамаарч таарна. Илүү задалж яривал улсын нууц задалсан хэрэгт орох гэмтэй. 1.3 их наядад холбогдох санхүүгийн зөрчил дэлгэрэнгүй хүрээгүй тоймлож, жишээлсэн байдлаар олон нийтэд хүргэсэн шалтгаан нь ердөө л энэ.

Тиймээс энэ парламентад сонгогдсон шинэ залуу гишүүдээс хүсэх нэг зүйл байна. Улстөрч, УИХ-ын гишүүд, тэр дундаа залуу үе нь улс төрийн манлайлал үзүүлэх цаг ирсэн нь үнэн л юм бол хуульч Б.Энхбаяр, эдийн засагч Х.Булгантуяа тэргүүтэй гишүүд 2016 оноос улсын нууцад хамаарах болсон Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил бүхий олон зуун хуудас дүгнэлтийг ил болгох санал гаргаж, бусдадаа уриалбал ямар вэ? Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн дэмжлэг ч хэрэгтэй. 2011 онд үүсгэн байгуулж, 2012 оноос томоохон төсөлд хөрөнгө оруулж эхэлсэн Хөгжлийн банкны актив яагаад хасах руу ортлоо уруудсан шалтгаан тэнд л байж мэднэ. Том төсөл нэртэй хулгай хаанаас эхтэйг оношилно.

Түүнээс биш УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс Хөгжлийн банканд шалгалт хийснээр өнөөгийн нөхцөл байдал дээрдэхгүй. Эсрэгээрээ чанаргүй зээлдэгчид цаг хожиж, улсыг хохиролгүй болгох ажил хугацаа алдана. Тэгж явсаар сонгуультай золгоно. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

Г.Эрхэс