Ц.Элбэгдорж: Бондын мөнгийг монгол хүн бүхэн төлнө


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд нийцсэн эсэхийг шалгах чиглэлийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс ч захирамж гаргаж, Хөгжлийн банканд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулав. Шалтгаан нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Манай банк төрийн өмнөөс гаднаас зээлийн эх үүсвэр босгосон. Үүнийгээ эргүүлээд төлж чадахгүйд хүрэх юм бол тэр өр нь төрийн нуруун дээр унана. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн 800 сая ам.доллароо төлж чадахгүйд хүрвэл Засгийн газар төлөхөөс өөр аргагүй болж байгаа юм" гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон удаатай. 2011 онд үүсгэн байгуулснаас хойш урт хугацаанд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх статустай, өдгөө 3.2 их наядаар хэмжигдэх активтай Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 12 дахь жилийнхээ босгон дээр 1.6 их наядыг давсан нь энэ. Нийт активын 55.4 хувь буюу хасах руу шилжсэн нь өөрөө Монголын эдийн засагт жин дарах хэмжээний савлагааг үүсгэж мэдэхээр байгаа юм. Үүнтэй холбогдуулж, манай сайтын зүгээс "Төрийн ой санамж" буландаа Хөгжлийн банкаар дамжуулан олгосон Бондын санхүүжилтийн түүхийг эргэн сануулж байна. Энэ удаад Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.доллар бүхий "Чингис бонд"-ыг онцолж байна. Бондыг босгох үед Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж нар ажиллаж байсан юм.


2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд олон улсын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.доллар Монголын талын дансанд шилжсэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын албаны хүмүүстэй уулзаж Монгол Улсаас гаргасан 1.5  тэрбум ам.долларын "Чингис бонд"-ын талаар санал солилцож байлаа. Үүнээс гурав хоногийн өмнө буюу 3-ны өдөр нь Засгийн газрын үнэт цаасны талаар зарим арга хэмжээний тухай Үндэсний аюулгүй байдлын нээлттэй зөвлөмж гарч байв.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Миний хамгийн түрүүнд хэлэх гэж байгаа зүйл бол Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эгэл иргэд бүгдээрээ хариуцлагаа ухамсарлах ёстой. Ялангуяа албаны хүмүүсийн хийх мэдэгдэл үнэтэй болсон. Янз бүрийн байдлаар хийж байгаа улс төрийн популизм Монголд явахаа больсон. УИХ-ын гишүүний нэг хариуцлагагүй мэдэгдэл ойролцоогоор 10 сая төгрөг болж монголчуудын өмнө бууна. Энэ мөнгийг монгол хүн бүхэн төлнө. Өмнө нь бид тогоон дотроо ярьдаг байсан бол одоо дэлхий нийтийн өмнө хийж байгаа алхам, хэлж байгаа үг бүхэн чинь хариуцлага дагуулна" гэдгийг сануулж байв.

Улмаар 2014 оны дөрөвдүгээр сард UBS телевизийн "Кофе юу, Цай юу?" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Чингис бондын асуудлаар дахин ам нээж байлаа. Тухайн үед "Өмнө нь төсвийнхээ хэдэн төгрөгт эргэлдээд, түүнийгээ энд тэнд хуваагаад суудаг байсан. Одоо хүний мөнгөөр хийх гэж байна. Нөгөө талд нь бидэнд итгэж мөнгөө өгсөн хүмүүс дэлхий нийтэд өдөр бүр даралт нь ихсээд, улс төр нь тэгж буруу хийж байна. Бондын мөнгө төлөгдөхгүй буруу зүйлд зарцуулагдаж байна гээд судалгаатай сууж байгаа. Тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгийг олон улсын сангуудад худалдсан хүмүүс компьютер дээр хараад зүрх нь зөв бурууг дэнслээд сууж байгаа шүү дээ. Тэр хүмүүст Монголын тухай муу мэдээ сонсогдох тусам бидний нэр хүнд улам доошоо унана. Монголын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд унадаг. Бондын мөнгийг Монголын 22 жилийн нэр хүндээр дэнчин тавьж авсан шүү. Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьсан шүү” гэж хэлж байсан.

Тэр сайд дарга нарын мөнгө цуглуулаад явж байхдаа ярьж байсан үгийг сонсоорой. Монголын баялгийн тухай яриад, Монголын ардчиллын тухай яриад, Монголын хоёр том хөрш, зах зээлийн тухай яриад энэ мөнгө ингэж ороод ингэж буцааж өгнө гээд л. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг болгоомжлох л хэрэгтэй. Мэдээж Ерөнхийлөгч ч болгоомжлох ёстой. Тэр мөнгө дансанд орж ирээгүй байсан тэр үед ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан юм.

Тэр зөвлөмжинд юу гэж байсан гэхээр?

Нэгдүгээр заалтад: "Чингис бонд"-той холбоотой орж ирсэн мөнгөтэй холбоотой хуулиа хурдан гарга, тэр ондоо багтаж гарга гэсэн. Зарцуулалт нь ямар байх юм. Тайлагнах хэлбэр нь ямар байх юм. Зээлийн эргэн төлөгдөх график нь ямар байх юм гарга гэсэн. Тэгтэл Засгийн газар одоо болтол тэр хуулийг оруулж ирээгүй. Одоо болтол бондын мөнгийг хувийн мөнгөө зарж байгаа юм шиг этгээдүүд хараад, бас бариад сууж байна.

Хоёрдугаар заалтад: Бондын нэг төгрөг зарвал нөгөө талд нь арван төгрөг босгох хэрэгтэй гэж хармаар байгаа юм гэж. Тэр үед Засгийн  газар мөнгө муу байна. Засгаас гаргах мөнгө их хэрэгтэй байна гэж ярьсаар байгаад гуравны нэг болгож, түүн дээр гарын үсэг зурсан байгаа юм. Уг нь тэр бондыг ингэх гэж байсан юм. Жишээлбэл, чи одоо 100 сая төгрөгийн зээл авах гэж байна гэж бодъё. Банканд очлоо, банк чамд зээл өгье гэлээ. Тэгвэл 100 саяын 10 хувийг төр даая, чи зээлээ аваад чиний байгууллага ажиллаад босоод ирнэ гэж. Уг нь энэ мөнгийг тарааж цацая гэсэн зорилго байгаагүй. Хэрэв тэгж байсан бол нэг төсөл биш 15 төсөл зээл аваад босох боломжтой. Гуравны нэгээр авч үзэх юм бол таван тэрбумын үйлдвэрлэл Монголд бий болох боломжтой гэсэн үг тэр заалтад байдаг шүү дээ. Улсын аюлгүй байдал, бие даасан байдлыг хангахад чиглэсэн дэд бүтэц, цахилгаан станц, шатахуунаа өөрсдөө хийдэг болъё гэж байгаа юм. Тэр төмөр замаа хурдан барья. Дээр нь ашиг олдог үйлдвэрт оруулна гээд маш тодорхой зааж өгсөн шүү дээ. Тэгтэл тэр бондын мөнгө одоо хаана явна юу, болж байна. Тэр үед хариуцсан сайдууд амлаж байсан. Саяхан нэг сонин дээр гарсан байсан. Бондын мөнгөний төгрөг болгоны зарцуулалт та бүхний гар утсанд мөн e-mail- ээр, цахим хуудсаар, цахим шуудангаар та бүхний ширээн дээр байж байна, эрхэм гишүүд ээ, иргэдээ гээд л байсан. Тэгтэл одоо та нарын гар утсанд ирж байна уу, тэр мэдээлэл? Гэвч миний утсанд ч ирэхгүй байна.

Ханшаас болоод хүмүүсийн худалдан авах чадвар  буурсан.Өмнө нь 40000 төгрөгтэй гараад хүнсээ аваад хөргөгчөө дүүргэдэг байсан айл одоо 100000 мянган төгрөгтэй гарч байж хөргөгч нь дүүрдэг болсон. Бондын төлбөрийг нөгөө айл, нөгөө бүтээгчдээсээ татна. Нөгөө сүрхий сайд дарга нь аль хэдийн сонгуульд ялагдаад яваад өгсөн бол яах вэ? Хөөрхий, тэр хөгжлийн банкинд сууж алба хашиж байгаа ганц нэг захирлууд аягүй бол хэрэгт орно" хэмээж байжээ.

2012 онд “Чингис” бондыг гаргах үед нэг ам.доллар 1300-1400 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ даваа гарагийн Монголбанкны ханш 2851.65 төгрөгтэй тэнцэж байна. 

Г.Эрхэс

Үргэлжлэл бий.