Н.Алтанхуяг: Цаг алдалгүй бонд арилжаалж, чадлаа. Айдас хүйдэс ярих хэрэггүй

"Төрийн ой санамж" булан энэ удаад олон улсын зах зээлээс Шинэчлэлийн Засгийн газрын босгосон 1.5 тэрбум "Чингис бонд"-ын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийг хүргэж байна. 2012 оны аравдугаар сард УИХ-аас 52 дугаар тогтоолыг баталж, Н.Алтанхуягийн Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд босгох эрхийг олгосон юм.


Тэрбээр "УИХ-аас 2012 оны аравдугаар сарын 25-нд 52 дугаар тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гарга гэсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар  эхний 100 хоногт багтааж амжилттай арилжааллаа. Энэ арилжаалсан бондын мөнгө орж ирсэн. Бонд гаргах болсон шалтгаан нь УИХ-ын тогтоолын дагуу их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, үүний зэрэгцээ Монгол Улсын шалгуур хүү буюу жишиг хүү хэд юм бэ гэдгийг тогтооход оршиж байгаа юм. Энэ дагуу нэн даруй барьж байгуулах шаардлагатай байгаа уул уурхай, авто зам, эрчим хүч, орон сууцны дэд бүтэц, төмөр зам ын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэс гадна Монгол Улсын 5 болоод 10 жилийн шалгуур хүүг нэлээд нам доогуур түвшинд тогтоож гадаадын хөрөнгө оруулалтын зардлыг эрс бууруулах ач холбогдолтой болж байна.

Өнөөдөр Монгол Улсад зээлийн хүү их өндөр байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаар тусгасан. Одоо зээлийн хүү сарын хоёр хувь, жилийн хүү 24 орчим хувьтай хоёр орон тоотой байна. Үүнийг багасгахад олон улсын зах зээл дээр бонд гаргасан явдал ач холбогдолтой.

Бондыг маш богино хугацаан шуурхай ажиллаж гаргасан. Дэлхий даяар хамгийн бага хүүтэй байгаа цаг үе тэгэхээр гадаад орчин тааламжтай байгаа байдлыг ашиглаж цаг алдалгүй бондыг арилжаалж чадсан. Засгийн газрын цаашид хийх их бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийн баталгааг бий болгох үүднээс 100 хоногийн дотор арилжаалья гэсэн зорилгоо биелүүлж чадлаа. Засгийн газрын гишүүд хүчин чармайлт гаргаж ажилласан. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан бусад сайд нар биечилж явж хөөцөлдөж энэ ажлыг бүтээж чадлаа“ гэж байжээ.

Харин Ерөнхий сайд мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд холбогдох асуулт тавьж байсныг хүргэе.

-Л.Энх-Амгалан: Маш их дэмжиж байна. Блүүмбэрг дээр бонд худалдаж авсан брокерууд худалдаж авна. Үүнийг УИХ-ын гишүүдэд ямар байдлаар мэдээллэж байх юм бэ?

-Н.Алтанхуяг: Бидний амнаас гарч байгаа үг болгон үнэтэй болсон. Популизм хийвэл монголд хортой тусах учраас анхааралтай байх ёстой. Бондын мөнгө ил тод байх ёстой. Ганц УИХ-ын гишүүдэд бус, олон нийтэд ил байх юм.

-М.Энхболд: УИХ шийдвэр гаргасны дагуу Засгийн газар шуурхай ажиллаж багагүй хэмжээний мөнгө олжээ. Бидний хариуцлага дэлхий нийтийнх боллоо гэж хэлж байна. бид хариуцлагатай байж хожмын нэг өдөр Монгол Улсад үр дүн харагдах ёстой байх. Энэ бондыг юунд зарцуулах вэ гэдэгт Засгийн газрын гишүүд маш их бодож байгаа байх. Юу хийх вэ гэж айж байгаа хүн ч бий байх. Яг үнэнийг хэлэхэд, миний бодож байгаагаар олон улсын хэмжээнд яригдах төсөл нь Эгийн голын усан цахилгаан станц болов уу. Үүнээс өөр зүйл байна уу. Зөвлөлд нь Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдаар ажиллаж байсан тусдаа зөвлөл байвал ямар вэ. Бид өнөөдөр ямар хүүтэй мөнгө авчихав аа. Өнөөдрийн бидний яриад байгаа тоо маань бусад улсын гаргасан бондын хүүтэй харьцуулахад ямар байна вэ?

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Мөнгөтэй болсон. Мөнгө баялаг бүтээгдэггүй, хүн баялаг бүтээдэг. Валютын хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулахад бонд гаргасан. Ямар нэгэн айдас, хүйдэс алга. Бүх шатанд ажиллах хэрэгтэй болж байна. Уул уурхай, авто зам, төмөр зам, аж үйлдэрг, эрчим хүч, моргейжийн дэд бүтцэд зарцуулна.

Тавантолгойг монголчууд өөрсдөө эргэлтэд оруулах шаардлагатай байна. Бидний гол зүйл нь тээвэр байх ёстой. Засгийн газрын шийдвэр гарсан. Тавантолгойгоос хэд хэдэн чиглэлд стратегийн төмөр зам барина. Хоёрдугаарт, үйлдвэржүүлэлтийн асуудал байна. Сүү, мах, ноосны боловсруулалтыг монголдоо хийхийг зорьж байна. эрчим хүчийг импортолж байна. тиймээс нүүрсний уурхайн аманд цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлнэ. Авто замын чиглэл нь 21 аймгийн төвийг нийслэлтэй холбох. Мөн дараагийн асуудал нь Улаанбаатар хотын дэд бүтэц байх юм.

-Н.Алтанхуяг: Олон улсын зах зээлээс мөнгө босгоно гэдэг Монгол Улсын хийж чадаагүй ажил. Гэхдээ бид хийж үзээгүй гэж ярьж болохгүй. Олон жил ярьсан. Үүний дагуу л хийсэн. Айдас хүйдэс ярих хэрэггүй. Бид гадаадаас зээл авч байсан. Хүү нь бусадтай харьцуулахад Туркын тэрбум ам.доллараас бага. Энэ улсынх 6.052 хувь, ОХУ-ын арван жилийн хугацаатай гаргасан хүүгээс бага. Бид үүнийг сүржигнүүлэх хэрэггүй. Иргэдэд нэг тэрбум ам.долларыг иргэддээ зүгээр өгчихсөн ш дээ. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Тиймээс тоо баримтыг иргэдэд зөв ойлгуулах, нээлттэй байлгах хэрэгтэй.

-С.Бямбацогт: Бонд гэхээр орлого гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тиймээс энэ бол зээл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 1921 оноос хойш 11 тэрбум ам.долларын зээл авч бүтээн байгуулалт хийж, нэлээд хэл ам болж байж төлж байсан. Y6Батбаяр сайдын хэлснээр маш олон төсөл ярьж байна. Үүнд таван тэрбум ам.доллар хүрэхгүй. Тиймээс төр оролцох салбарыг тодорхой болгох хэрэгтэй. Уул уурхайд төр оролцох хэрэгтэй юу. Гадаадын хөрөнгө оруулагчийг татах хэрэгтэй. Тиймээс хэрэгжихэд бэлэн болсон төслийг л санхүүжүүлэх хэрэгтэй болов уу. Тэгэхээр өнөөдөр хэрэгжихэд бэлэн болсон төслөө нэрлэж өгөөч.

-Н.Батбаяр: Энэ мөнгө нэг талаасаа их мөнгө, нөгөө талаасаа бага мөнгө. Монголчууд жижиг чулуугаар том чулууг доргионо гэж ярьдаг. Нийгмийн даатгалын хуримтлалын мөнгөөр хэрэгжүүлэх ажлыг тодорхой болгож байгаа юм. Монголын бизнес хийж байгаа бүх хүн үүний үр дүнг хүртэх боломжтой. Хяналтын тухайд та бүхэн та нар биднийг сайн шахаж, ташуурдаж өгөөрэй. Бас зүгээр шүүмжлэх бус монголынхоо төлөө хамтарч ажиллаарай.

-Ж.Батзандан: Бонд гаргаснаар олон үүрэг ногдож байна. Монголын Засгийн газарт бид хяналт тавьдаг байсан бол дэлхий хянадаг боллоо. Эзэн хааны нэрээр 13 зуунд дэлхийд танигдсан шиг Чингис бондоор бид дахин нэрээ дуурсгалаа. Гэхдээ асуудал олон байна. Хагас жил тутам хүү төлнө. Санхүүгийн салхилга баттай байхгүй бол болохгүй шүү.