Б.Жавхлан: БНХАУ-ын талтай дахин уулзаж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ

Бичигт-Зүүн хатавч, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, ачаа тээвэр нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр ярьж эхэлсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

Тэрбээр "Ерөнхий сайдын урд хөршид хийсэн ажлын айлчлалаар Хятадын талтай 10 гаруй жил саатсан төмөр замаар харилцан нэвтрэх солбилцлын цэгийг эцэслэн тохирлоо. Одоо энэ гурван боомтыг ашиглаж, харилцан төмөр зам нэвтрүүлэх, ачаа барааг шилжүүлэн ачих, ачиж буулгах терминалыг аль талдаа байгуулах вэ гэдэг дараагийн ажилдаа орсон.

Өөрсдийн зүгээс бэлдсэн ТЭЗҮ, судалгааг хүргүүллээ. Энэ сарын 15-нд дахин БНХАУ-ын талтай уулзаж, терминалыг аль талдаа барихыг тохирч, хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд энэ жилдээ багтаах чиглэл өгсөн. Замын-Үүдийг Алтанбулагтай холбох хурдны автозам болон хос төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг ярилаа. Үүнийг хөдөлгөх болсон явдлыг БНХАУ нааштай хүлээн авсан. Бид өөрсдийн судалгаа, ТЭЗҮ-ийг БНХАУ-ын талд хүргүүлсэн. Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдээр 71 км хурдны тойрог замын бүтээн байгуулалт, хот доторх "LRT" барих төсөлд БНХАУ талаас оролцоно гэдгээ илэрхийллээ" гэсэн юм.