Хүлээсгүй ХҮСЭЛ-3
Түрүүч нь https://uzeg.info/i/4818
Бал эрхлэгчийн “хамгаалалт”-тай сэтгүүлч
Эмүжин багаасаа л хичээлдээ сайн, үргэлж нухаад суучихана. Уг нь яг хэн болох гэж яваад байгаа талаар аав нь асуужээ. Нэг удаа аавдаа үзэл бодлоо илэрхийлээд жигтэйхэн загнуулав. Хүний л эцэг болсон хойно иймэрхүү үг хэлэх бүрэн эрхтэй. Бас бухимдлаа. Багаас нь хайрлаж, өсгөсөн балчир эрдэнэ шүү дээ?, тэр. Гэвч Эмүжингийн бодол өөр. Тэрүүхэндээ шуудхан л хэлж орхилоо. "Надад битгий санаа зов. Би хамгийн том сонины, хамгийн том сэтгүүлч болно оо" гэжээ. Охиныхоо тийн хэлэхийг сонсож суусан аавд нь хүн сонсвол ичмээр л хариулт санагдсан гэдэг, тэрүүхэн үедээ л юм. Арван жилийн сурагч хүүхдийн ярьж байгаа хариулт юм хойно. Охиноо тэгж хэлэхийг сонссон эцэг хүн санаандаа төрснөөрөө л ярьж байна гэж боджээ. Угтаа бол найм, есдүгээр ангийн охины оюун бодолд төрсөн, хэтийн мөрөөдөл, зорилго нь тэр л байлаа. Хүний зорилго цаг үеэ даган өөрчлөгдөнө. Харин Эмүжин тэр цаг үедээ өмнөө тавьсан зорилгодоо нэгэнт хүрчихсэн байлаа. “Өнөөдөр” хэмээх том айлын босгыг алхсан үеэсээ нэг, хоёр, гурав хэмээх стратегийн нүүрэнд олон жил "амьдарлаа". Адармаатай хэрнээ асуудал ихтэй. Өдөр бүр нэг л өөрийн санаанд бууснаа баримт, үйл явдал, хэн нэгэн улстөрчийн байр суурьд үндэслэж, оюун санаандаа боловсруулснаа буулгана.
Эхний зорилгоо биелүүлсэн хүн дараагийнх руугаа алхана. Ачаалалтайгаас гадна асар хариуцлагатай сонины амьдралд олон жил нухлагдлаа. Энэ хооронд шүлгийн хоёр, өгүүллэгийн нэг номоо гаргаж амжив. Оюун бодолдоо үргэлж уяатай явдаг уран бүтээлтэйгээ хамт явсан гэсэн үг. Зуны цагт ээлжийн амралтаа авна, ажлаас олгосон хоногийн тоог хэд нугална. Гэдэг нь орон нутгийг зориод алга болно. Араас нь залгана, ажилдаа орохгүй бол халах тухай сануулна. Өөртөө итгэлтэй нь аргагүй "Халж л байхгүй юу?" гэсэн ганцхан хариулттай. Азаар Бал эрхлэгч ажлын талбарт Эмүжинд холбогдох асуудалтай тулна. Зохих хариуг нь хэлнэ. Өөрөө уран бүтээлч нэгэн болохоор холбогдох хүмүүс рүү ярина. "Битгий оролд. Юмаа бичиж байгаад эргээд ирнэ" гэдгийг учирлана, нөгөөдүүл нь нам. Мэдээж есдүгээр сарын 1-нтэй уралдан түүний ажил ундрах лав. Сэтгүүлч, уран бүтээлч талаас нь дэмжиж явсан Бал эрхлэгчийн байр суурь зөв байсныг энэ нь гэрчилнэ.
Хэрвээ...
Хэрвээ хүний олон хүүхдэд эрдэм ном зааснаараа, утга зохиолын боловсрол олгохоор нэг насаараа зүтгэсэн ээж, багш, соён гэгээрүүлэгч байсан бол... Хэрвээ улсын эдийн засаг ярьж, Монголын хүн амын тухай бичиж, туурвисан бол... Хэрвээ өөрийн түвшиндөө өөр байгааг нь хэлдэг аавгүй байсан бол тийм ойлголт түүнд суухгүй байж. Тийм л болохоор ажил, уран бүтээлийнхээ алийг нь ч цалгардуулахгүй зэрэгцүүлж туурвихдаа хөнгөн хандах бус суурь агуулгаар нь ханддаг нэгэн болж төлөвшихөд эцэг, эхийн оролцоо их байв. Зарим хүнд өгүүллэг бичихэд хугацаа нэгээс хоёр өдрийн хугацаанд шаардлагатай байж болох. Гэхдээ тархинд зав гарахгүй. Маргааш, эсвэл долоо хоногийн хугацаанд. Түүнийгээ л бодно. Хагас өдөр, хоёр цагийн хугацаанд бичих нөхцөл нь байв ч тархи өөрөө завгүй ажиллана. Тэр тийм биш. Өөрийнхөөрөө, өөртөө цаг хугацааг зохицуулж, зарцуулна. Гагцхүү яагаад ч юм, өөртөө, уран бүтээлдээ хангалттай цаг хугацааг зориулж чадахгүй үед түүнд иржээ.
Эл асуудлаа шийдвэрлэхийн тулд гэнэтийн шийдвэр гаргахаар зориглов. Сэтгэл санааны хувьд өдөр тутмын сонины зарчим, шаардлага, хариуцлагаас ч нэгэнт холдсон байлаа. "Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг" гэсэн мундаг сэтгүүлчийн автороос холдож, "ховхрох" шалтгаан хэдийнэ дотор хүнээс нь цухалзаж, цухуйх болжээ. Залуу сэтгүүлчид сонинд орж ирнэ. Тэр бүгдийг чиглүүлнэ. Ярилцлагын зочинтой нь холбоно, болохгүй бол өөрөө ярина. 1996 оноос эхлэн ажилласан гэж тооцвол тэр сэтгүүлч болоод яг 26 жил болжээ. Янз бүрийн байдлаар дарамт ирнэ, тэр бүгдийг даван туулна. Дарамт, шахалт үзүүлснээрээ буулгаж авна гэвэл үгүй. Харин ч улам урам зориг өгч, хурцална.
Гэвч нэгэнт дараагийн зорилгоо тодорхойлох, том зориг гаргах сэдэл түүнд өдөлжээ. Дотроо бодлоо, санасандаа хүртлээ цаг зав гаргаж чадахгүйгээс хойш... Адаглаад нэр бүхий зохиолчтой утсаар холбогдож, ая сонсонгоо шүлэг зохиох хэмжээнд хүртлээ дөртэй болж, өөрийгөө олжээ. Одоо түүнд хэвшмэл байдлаа бүрмөсөн орхих ганцхан шалтгаан бий. Тухайн үед одоогийнх шиг олон нийтийн сүлжээгээр нэгэнтэйгээ холбогдохгүй. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын эзэмшлийн UBS телевизийн сэтгүүлч захирлынхаа утсыг нь барьчихаад "Одоо тоглолоо шүү" хэмээн зааварлана. Л.Балхжав захирал "Сонсогдож байна уу?" гэсээр төгөлдөр хуурынхаа араас хашгирна. Босон, суун бичнэ, ахин дахин сонсоно. Өөрөөр хэлбэл, уран бүтээлдээ хантлаа цаг гаргаж чадахгүй яваагаа энэ үед л ойлголоо.
Яагаад ч юм бусдад өртэй санагдлаа. Уншигчид, ард түмэн, бас өөртөө. Зүгээр л уран бүтээлчээрээ амьдрах хэрэгтэй. Санхүү нөлөөлнө. Нарийн яривал сонинд ажилладаг үеийн цалин, шүлгийн дөрөв, өгүүллэгийн хоёр, хүүхдийн үлгэрийн зургаан номтой хүнд. Улирал, эсвэл жилдээ нэг номын дэлгүүрээр хүргэж өгнө. Тооцоогоо хийхэд илт мэдрэгдэнэ. Бичсэн номууд нь харьцангуй хурдтай, үлдэгдэлгүй зарагддаг учраас. Хэвлэх үйлдвэрүүд нь ч нааштай хандана. Хэвлэлтийн зардал нэхэхгүйгээр борлуулалтаас нь нөхчихдөг болохоор. Энэ бүхэн түүний сониноос өрх тусгаарлах шалтгаан байв.
Өнөөг хүртэл тааж, таадаг, хэн нэгэнд ярьдаг, ярьж ирсэн аман хардлага, шүүмжлэл бүхэн оргүй ч ганц үнэн нь энэ ажээ. Хэрвээ "Өнөөдөр" сонин түүнд хангалттай эрх чөлөө олгодоггүй байсан бол өнөөдрийн хэмжээнд хүртлээ байр сууриа олж чадахгүй нь өөр нэгэн үнэн. Ямар нэгэн дарамт, асуудал байсан бол 15 гаруй жил тэнд ажиллахгүйгээр "нисэх" байлаа.
Түлээ зардаг хүн түүнийгээ л зардаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд тэвчээр хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөр зүйл рүү орж, дахин тэгээс эхлэх шаардлагагүй. Тууштай явах учиртай.
Яруу найргаа нэгдүгээрт тавьдгийн учиг
Эмүжин анхны шүлгийн номоо 1996 онд бэлэн болгочихоод хоёр жилийн дараа хэвлүүлж байжээ. Балбар найрагч сануулна, шүлгээ хэвлүүлээч гэж шахдаг байв. Ингэхэд Эмүжин багаасаа бодож явсан хүсэл мөрөөдөлдөө хүрсэн үү...? Яг энэ асуултыг тэрбээр өөр дээрээ бодож үзээгүй. Үлдэх үр хүүхэд, өөрийн бүтээсэн орон зай, түүнийг өгүүлэх үнэлэмжийг хамгийн сайн харах хэрэгтэй. Өөрийнх нь бүтээсэн болгон бүтэмжтэй байхад болно гэсэн үг биш. "Монгол хүн монголдоо л учраа олно" гэдэгтэй огт санал нийлэхгүй. Гаднынхан түрэмгийлээд ороод ирвэл эх орныхоо төлөө тулалдах нь хэд вэ?. Шууд гэр бүлээ аваад гадагшаа цагаачлахыг бодох нь хэр олон бол? Орчин цагийнхны ойлголт мэдээж өөр болсон. Сүүлийн ярилцлагадаа тэрбээр дурдсан байдаг юм, "Энэ цаг үеийн сүүлчийн яруу найрагчидтай хамт амьдарч байгаа шүү" хэмээн. Хэсэг хүнээс шүүмжлэл ч ирлээ. Өөрсдийгөө юу гэж бодсон юм хэмээх байр суурь ч ажилагдав. Яг үнэндээ юм болгонд сэтгэл зүрх, цаг заваа зориулж явдаг өнөө л хэдэн найрагчид гэдэгт тэр бат итгэдэг. Мэдээж энэ цаг үед байгаа хэдэн найрагчдаа хайрлаж, хүндэлж л явах хэрэгтэй л юм, уг нь.
О.Дашбалбар гэдэг хүн яагаад сайн, сайхан, муу бүхнээр хослон, хоршуулж, дүгнүүлж, дуудуулж, чичлүүлж, атаатан дайсан, анд нөхдийн дунд явж ирэв?. Монголын анхны захиалгат сэтгүүлзүй ч түүн дээр ажилласан гэдэгтэй Эмүжин санал нийлдэг. Яруу найрагчийн сэтгэл зүрх, гал нь түүн рүү ирэх сайн, муу бүхнийг чиглүүлж ирсэн гэмээр. УИХ-ын гишүүнээр ажилласан цаг үед нь ч яруу найрагчийнх нь зүрх сэтгэл ил харагдаж, мөн мэдрэгдэж байсан гэмээр.
Нийгэм өөрөө хямдхан байна. Хувь хүний чадвар гэхээсээ цүнх баригчид дээшээ гарч байна. Ерөөсөө л задгай мөнгө шиг. Үнэхээр бид 1990 оны ардчилсан хувьсгалаар хүсч, мөрөөдөж байсан амьдралдаа хүрсэн үү? Энэ асуултад Эмүжин үгүй гэж хариулах ч яг түүн шиг эрх дураараа, хийе гэснээ хийчихдэг, бичихээ биччихдэг, хүссэн номоо хэвлүүлээд, зорьсон дэлгүүртээ зардаг нь ховор. Ядаж өөртөө авч үлдэхийг чухалчилж яваагаа хэлнэ лээ. Тэгсэн хэрнээ улс орноо, нийгмийг, өөрөөсөө хойш үргэлжлэх цаг үеийн талаар асар адармаатай нөхцөлд оршин байсаар явна. Магадгүй Эмүжиний дотоод хүний дийлэнх орон зайд нь нийгмийн шинж чанартай агуулга давамгайлдаг болов уу.
Тэр тэр, нийгмийн нэрт зүтгэлтэн Очирбатын Дашбалбар хэмээх том автортой яалт ч үгүй холбогдоно. Туурвисан бүтээл бүрээс нь үр хойч, залуу үе рүүгээ хандсан ялангуяа үндэсний үзлийн гэж яг юу байх талаарх агуулга бүхэлдээ түүний бичиж нийтэлсэн шүлэг, хэлж асан байр сууриас харагдаж, ойлгогддог. Үндэсний үзлийг байх ёстой түвшинд нь татаж авчирсан хүн бол маргаангүй Очирбатын Дашбалбар. Үнэнийг хэлэхэд О.Дашбалбарын амьдарч ирсэн цаг үед "Би эх орондоо хайртай" гэж хэлэхээс залуу үе нь өөрсдөө ичдэг байлаа шүү дээ. Бүхэл бүтэн 70 жилийн турш социализмыг бүтээж босгосон нийгмийн чиг хандлага нь "Эх орон" гэхээсээ ичих хандлагыг тархинд нь гүн чигжсэн ч байж мэднэ. "Энэ бол миний эх орон", "Би Монгол хүн" гэдэг үзлийг хэнээс ч хамаарахгүйгээр хэлэх нь өөрөө үнэ цэнэтэй. Үүнийг л О.Дашбалбар уран бүтээл, үйл хэргээрээ дархалсан юм. Өөр дээрээ гал дуудан байж, нийгэм рүү хайр найргүй цацаж асан тэрхүү үзлийг гуйвуулж, хэлмэгдүүлэх хэн бүхэнд нээлттэй. Магадгүй захиалгаар. Бид чинь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрүүлсэн ард түмэн. Гэхдээ нэг л зүйлийг өөрчилж чадахгүй. О.Дашбалбар гэдэг хүний зүрх сэтгэлийн дуудлагыг. Түүнийг ойлгож, ухаарч, харахыг хүсвэл бичсэн шүлгийг нь уншиж болно.
Эмүжин яруу найрагтаа илүү хайртай. Хайрлаж, дурлахгүй байхын аргагүй, бүх урлагийн дотроос цорын ганц индранил шигтгээ нь яруу учраас. Бүх уулын оргил, цэнгэн урсдаг нь горхи нь. Үүндээ ч бат зогсдог. Бодож, тунгаан, зохиож бичиж болно. Харин яруу найраг өөрт нь зав чөлөө, бодох зав өгөхгүйгээр орж ирнэ. Тийм л өгөгдөлтэй. Дундуур нь тас цавчиж, өөрийнхөөрөө өөрчилж боломгүй. Анхнаасаа өөрийнхөө, эрх чөлөөтэй явсан юм болохоор түүгээрээ дуусна.
...Шүлэг бичихээ больчихвол болино. Өөрийгөө хэзээ ч албадахгүй. Удахгүй 50 нас хүрэх нь. Гол нь тэр болтол өнөөдрийнхөөсөө ч илүү өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байна... Энэ бол өнөөдөр, маргааш, ирээдүйд үргэлжлүүлэн туурвиж, бичих Эмүжингийн уран бүтээл, сэтгүүлчийн замналын талаар тодруулсан гурван асуултад өгсөн гуравхан өгүүлбэр бүхий хариулт. Ганц үнэн гэвэл төдийгөөс өдий хүртэл Эмүжин хэмээх автор оршиж ирсэн, байсаар байгаа нь ерөөсөө л "ХҮЛЭЭСГҮЙ ХҮСЭЛ" хэмээх бодит дүгнэлт, тодорхойлолттой холбогдох ажээ.
С.Гандөл