Үнийн нэмэгдэлтэй таксинд үйлчлүүлэхээ больцгооё

Такси км тутамдаа 2000-2500 төгрөгөөр явдаг болжээ. Бензинийн үнэ нэмэгдэх тутамд 500 болон түүнээс дээш төгрөгөөр дур мэдэн нэмнэ. Үүнд ямар нэгэн зохицуулалт үгүй. Зохицуулалт байхгүйгээс хэзээ, хэрхэн, хэдэн төгрөгөөр нэмэх нь тэдний л асуудал. Такси үйлчилгээ эрхэлдэг хэд хэдэн компани байдаг ч үйлчилгээний наад захын соёлыг мөрддөггүй. Олонх нь ойрхон газар бус хол явах сонирхолтой.

Км-ийнхээ үнийг хэлэх нь битгий хэл үйлчлүүлэгчдээсээ хэдэн төгрөг илүү авахыг бодно. Хэн ч илүү тооцоо төлөхийг хүсэхгүй. Ингээд үйлчлүүлэгч, таксины жолооч хоёрын дунд үл ойлголцол үүсч байгаа юм. Хүссэн мөнгийг нь өгөөгүйн төлөө хараалгуулж, элдэв бусаар доромжлуулна. Жирэмсэн эмэгтэйг дайрах гэж давшилж байсан тохиолдол ч гарч байв.
Хамгийн гол нь, хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг хэн цэгцэлж, тэдэнд хяналт тавих вэ? Наад зах нь стандартын шаардлага, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцэхүйц такси үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж хэд вэ? Лав хуруу дарам цөөн. Дуудлага өгөх гээд залгахаар утсаа авахгүй. Авсан тохиолдолд "Танайхтай ойрхон явж байгаа жолооч алга" зэргээр ам таглана. Хувиараа такси эрхлэгчид буюу "халтуурчдын" тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Баасан гаригийн орой болон баярын өдрөөр үнээ огцом нэмдэг нь бичигдээгүй хуультай. Хяналт тавьж шалгаж, дүрэм журам тогтоодог байгууллага байдаггүйгээс хойш иргэд бид өөрсдөө хяналт тавих эрхтэй. Таксинд суухдаа км нь хэдээр явж байгааг хамгийн түрүүнд асууя. Тэгээс эхэлсэн заалт буухад хэд болсныг хараад жолоочоос өмнө төлөх тарифаа цээжиндээ боддог болъё. Таниас илүү мөнгө нэхвэл өгч давраахгүй байя. Хэрэв зүй бус үгээр доромжлобол утасныхаа дуу хураагуурт  болон видео хийе. Ярьсан бүхнийг хураан авч, зургийг нь дарцгаая.Тэгэхээс өөр сонголт бидэнд алга. Тэгж байя энэ төрлийн үйлчилгээ өөрөө цэгцтэй, зах зээлийнхээ голдиролд орно.

С.Ичинхорлоо