Хил холболтын төмөр замын “БЭТ” нь Ерөнхий сайд өөрөө байх нь!
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 13 хүүхэд суралцаж байна
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгыг барьж, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулжээ.
Нэг ээлжиндээ 826 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинг бүрдүүлжээ. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч хөгжих тэгш хүртээмжит сургалтын орчинг бүрдүүлсэн төрийн өмчит анхны сургууль болсноороо онцлогтой.
2021-2022 оны хичээлийн жилд сургуульд 2380 хүүхэд суралцаж байгаагаас тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 13 хүүхэд, 1-11 дүгээр ангид суралцаж байна. Нэг ангид 45-52 хүүхэд суралцдаг. Тиймээс анги танхим болон багшийн ачааллыг харгалзан нэг ангид тусгай хэрэгцээтэй нэг хүүхдийг оруулдаг. Tусгай хэрэгцээт хүүхдүүдийг ердийн сургууль, ангид суралцуулах нь тэдгээрийн нийгмийн хөгжил, төлөвшил, бусдыг дуурайн суралцах чадвар, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх зэрэгт сайн нөлөөтэй төдийгүй тэдний ар гэр, эцэг эхийн сэтгэл зүйг дэмжихэд маш чухал. Ердийн сургуулиас тусгай хэрэгцээт хүүхэд нийгэмших, энгийн дадал хэвшилд суралцдаг. Харин бусад хүүхдүүдийн хувьд тусгай хэрэгцээт хүүхэдтэй зөв харилцах, тэднийг ойлгох, туслах зэргээр зөв төлөвшил, хандлагатай болж, аль алинаасаа суралцдаг байна.
Харин 1-5 дугаар ангид нэг багш хичээл ордог учраас тусгай хэрэгцээт хүүхдүүдэд суралцахад илүү таатай байдаг бол анги ахих тусам суралцахад бэрхшээл тулгарч эхэлдэг. 6 дугаар ангиас эхлээд 13 төрлийн хичээлийг өөр өөр багш заагаад ирэхээр тэр болгоныг хүлээж авахад хүндрэлтэй болж ирдэг. Мөн ердийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй харилцах, тэдэнд заах арга зүй туршлага байхгүй. Даун, аутизм, саажилт гэх мэт олон төрлийн бэрхшээлтэй, хэрэгцээтэй хүүхдүүд байдаг учраас тэр бүрдээ хэрхэн харилцах, ямар арга зүй ашиглаж хичээлээ заах, хүүхдийн сэтгэл зүйн онцлогт тохирсон чиглүүлэх сургалтуудад багш нарыг хамруулах шаардлагатай байна. Засгийн газраас ердийн цэцэрлэг, ЕБС-д тусгай хэрэгцээт хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс тооцож олгох шийдвэр гаргасан боловч төсөвт тусгагддаггүй. Багш нар ангид байгаа тусгай хэрэгцээт хүүхэдтэй нэмэлт цагаар ажиллах, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд ажлын ачаалал ихэсдэг. Иймээс эрх зүйн зохицуулалт журмын дагуу цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийг үнэлэх үнэлгээний журамд хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээнд тулгуурлах сургалтын үйл ажиллагаа явуулсан байдлыг тооцох хэрэгтэйг Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн захирал Д.Тунгалаг гишүүдэд уламжлав.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон бусад холбогдох баримт бичигт хөгжлийн бэрхшээлтэй болон бусад тусгай хэрэгцээтэй хүүхэд нь бүх хүүхдийн нэгэн адил тэгш эрх эдэлнэ гэж заасан хэдий ч өнөөдрийг хүртэл эдгээр хүүхдүүд нийгмийн суурь үйлчилгээний гадна үлдсэн хэвээр байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүний эрхийн ээлжит тайландаа, “Гол асуудал нь эдгээр хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй гэдэгт бус, харин хэн нэгний эгч, ах, дүү, найз нөхөр дуртай дуу шүлгээ цээжилж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж хязгаарлагдаж байгаад байна” хэмээн тэмдэглэсэн байдаг. Уламжлалт хандлагаар тусгай хэрэгцээт хүүхдийг “өрөвдөж туслах” шаардлага байхгүй бөгөөд харин хүүхдэд өөрт заяагдсан суурь эрхүүдээ эдлэхэд саад болж байгаа хүчин зүйлсийг арилгахад анхаарлаа хандуулах нь чухал юм. Үүний тулд тусгай хэрэгцээт хүүхдийг тусгайлан авч үзэх бус, бусад хүүхдүүдтэй адил гэдгийг хүлээн зөвшөөрөх, тэднийг зөвхөн өглөг, хандив хүртэгчид бус харин өөрчлөлт шинэчлэлтийн эзэд, өөрийгөө тодорхойлдог хүмүүсийн төлөөлөл байж чадахыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Үүний тулд тэдний дуу хоолойг хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зайлшгүй тусгаж байхын ач холбогдлыг онцлон дурджээ. Дэлхий нийтийн боловсролын чиг хандлагад бүх хүүхэд, тэр дундаа тусгай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахын тулд Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлж, бүх улс орнууд боловсролын тогтолцоондоо тусгаж эхлээд байгаа юм.
Монгол Улс мөн энэ жишгийн дагуу тусгай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахын тулд тусгай сургуулиудыг нэмэхээс илүү улсын сургуулийн ердийн ангид элсүүлэн тэгш хамруулан сургах бодлогыг нэвтрүүлэх чиглэлийг баримталж байна. Үүний дагуу салбар яамнаас хэд хэдэн журам батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 6800 гаруй хүүхэд суралцаж байна. Ердийн сургуулийн багш тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллаж байгаа бол үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг олгодог. Тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургуульд сургах нь нийгэмшүүлэх, өөртөө итгэлтэй болоход чухал ач холбогдолтой байдаг. Эцэг эхчүүдийн хандлага ч өөрчлөгдөж хүүхдээ ердийн сургуульд сургах хүсэлтийг яаманд ирүүлдэг гэдгийг БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын дарга Ж.Ганбаатар хэллээ.
Тэгш хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын дэмжих үйлчилгээг 429 хүүхдэд үзүүлжээ
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 орчим мянган иргэн бий. Үүний 10.6 хувь буюу 11 мянга нь 0-17 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй юм байна. Эдгээр хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийх, сургалтын үйлчилгээ үзүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг БНХАУ-ын 35 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд ашиглалтад оруулжээ.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношлох, сэргээн засах эмчилгээ хийхээс гадна боловсролын үйлчилгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой аж. Хамгийн гол нь эдгээр үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үнэ төлбөргүй авдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь өдөрт 500 хүүхдэд өдрийн болон амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадал бүхий 6 тасагтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгэм, сэтгэл зүй, ортопед, туслах хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг. 2022 оны эхний улирлын байдлаар амбулаторийн болон өдрийн эмчилгээнд 890 хүүхэд, 1330 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.
Мөн тус төвд эцэг эхийн хараа хяналтгүй, бүтэн, хагас өнчин, архины хамааралд орсон эцэг эхтэй хүүхдийг асрамжийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлт, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогийг харгалзан нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Одоогоор 11 хүүхэд байна.
Түүнчлэн энд тэгш хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын дэмжих үйлчилгээг үзүүлдэг. Хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа ба харилцаа, хөгжим хэмнэл, хөдөлгөөн мэдрэхүй, урлахуй, амьдралын зөв хэвшил гэсэн 6 чиглэлээр ганцаарчилсан болон бүлгийн сургалтыг явуулдаг. Энэ оны эхний улирлын байдлаар 429 хүүхдэд сургалт оржээ. Сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр ордог бөгөөд нэг хүүхдэд 20-30 минут зарцуулдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулахын төлөө анхаарч, хүүхэд бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэхийг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аль болох эрт илрүүлж, цаг алдалгүй сэргээн засах үйлчилгээнд хамруулснаар бидний хүүхэд ирээдүйдээ сурч боловсрох эрхээ эдэлж, нийгэмдээ хувь нэмэр оруулна. Ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа өөрөө авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг гэдгийг тус төвийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн заслын газрын дарга С.Энхбат танилцууллаа.
Цаашид хүүхдийн бэрхшээлийн онцлог, түвшин, насанд тохирсон үндэсний нэгдсэн жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулж, батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон сургалтын орчинг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах шаардлагатай. Мөн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад Ажлын хэсгийн гишүүдийг анхаарахыг хүслээ.
Ажлын хэсгийн гишүүд хяналт, шалгалтын санал дүгнэлтээ Байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч ажиллахаа илэрхийлсэн юм.