МҮХАҮТ-аас дараах анхааруулгыг гаргалаа
ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдэд зориулан МҮХАҮТ-аас дараах анхааруулгыг гаргажээ.
-Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудын ачаалалтай байдлаас шалтгаалан үндэсний аж ахуйн нэгжүүд импортын бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан татан авах хандлага нэмэгджээ.
Манай аж ахуйн нэгжүүд дамжин өнгөрөх тээврийн асуудлаар ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөж буй зохицуулалтуудыг хангалттай судлаагүй, эдгээр зохицуулалтуудыг биелүүлээгүй зэргээс бүтээгдэхүүнээ хураалгах, улмаар устгалд оруулах эрсдэл гарч байна.
ОХУ-ын Засгийн газрын
2014 оны 8-р сарын 7-ны өдрийн 778 тоот “Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
2014 оны 8-р сарын 6-ны өдрийн №560,
2015 оны 6-р сарын 24-ний өдрийн № 320,
2016 оны 6-р сарын 29-ний өдрийн № 305,
2017 оны 6-р сарын 30-ны өдрийн № 293,
2018 оны 7-р сарын 12-ны өдрийн № 420,
2019 оны 6-р сарын 24-ний өдрийн №293 болон 2020 оны 11-р сарын 21-ний өдрийн №730” тогтоолоор Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбооны орнууд, Канад, Австрали, Норвегийн Вант Улс, Украин, Бүгд Найрамдах Албани Улс, Монтенегро, Бүгд Найрамдах Исланд Улс, Лихтенштейн Вант улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, үхэр, гахай, загасны мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, самар болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №290 тоот зарлигаар хориг арга хэмжээ авсан орнуудаас зарим нэр төрлийн барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрчээ. Гагцхүү ОХУ-ын нутаг дэвсгэрээр хоригт багтсан бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрт шаардлагатай Глонасс навигацын систем дээр ажилладаг таних хэрэгсэл буюу цахим навигацын хэрэгсэл “Пломб”-ыг тавиулах зохицуулалтыг танилцуулсан.
Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн №290 тоот зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр № 1877 тоот тогтоолыг баталжээ.
Тус тогтоолоор Олон улсын дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэх журам, Олон улсын тээвэрлэлт хийж буй жолоочид “тооцооны хуудас” олгох журам, Глонасс навигацийн системд ажилладаг таних хэрэгсэл буюу Пломб буюу лац тавигдах шаардлага, пломб тавих хилийн боомтуудын зохицуулалтыг баталжээ.
Олон улсын дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэх журмын 3-19 дэх зүйлийг зөрчвөл барааг оруулсан маршрутаар буцаан гаргах, бусад тохиолдолд 2015 оны долдугаар сарын 29-ний өдрийн "ОХУ-ын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн зарим тусгай арга хэмжээний тухай" 391 тоот Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу устгана.
Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн барааг ОХУ-ын хил дээр саатуулах, хураах нөхцөл цаашид ч үүсэхээр байгаа тул ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэхэд шаардлагатай дээрх эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөв.