"Төрийн банк"-ийг ХК-ийн хэлбэрт шилжүүлэхийг дэмжжээ

УИХ-ын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэлийг батлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож, үр дүнг УИХ-д тайлагнахыг даалгалаа.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй. Үүний дагуу системийн ТОП5 банк нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байгаа аж.  

Төрийн банкны хувьд Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 4000 мэргэшсэн боловсон хүчинтэй системийн нөлөө бүхий банкны нэг бөгөөд сүүлийн жилүүдэд санхүүгийн үзүүлэлтүүд нь тогтмол өсөж 3.8 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 388.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 45.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа нь банкны хувьцаа худалдаж авахаар төлөвлөж буй иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.