"Эрдэнэс Тавантолгой": "ЭTT бонд"-ын хугацааг сунгалаа

"ЭTT бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга хүлээн авах хугацааг энэ сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл сунгалаа. Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлт, СЗХ-ны даргын дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 1/1604 тоот бичгээр өгсөн зөвшөөрөлд тус тус үндэслэн энэ шийдвэрийг гаргажээ.

Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болсон. Өөрийн орлогоор баталгаажсан, хоёр их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг гаргасан юм.

”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК, туслах андеррайтераар  "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байна.

Бонд нь нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900 мянга хүртэлх ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4 хувь"-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, зургаан сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй. 

Бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан дөрөвдүгээр сарын 25-наас хүлээн авч эхэлжээ.