Л.Энх-Амгалан: Нийгмээрээ шүгэл үлээх хэрэгтэй

УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар зарим мэдээллийг өгчээ.

Тэрбээр "Багш нарын ур чадварыг сайжруулах чиглэл рүү анхаарал хандуулж ажиллах нь асуудал байна. Цар тахлын нөлөөнөөс үүссэн цахим хичээлийн хоцрогдлыг нөхнө гэж хэзээ ч байхгүй. Судалгаагаар хүүхэд мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдгийг тогтоосон.

ЭЕШ-ын сүүлийн таван жил хамгийн муу үзүүлэлт гаргасан сумдын сургуулийг шилж авсан судалгаа. Нийт 42 сургуулийн 14 мянган хүүхдийг улсын хэмжээнд сонгоод хоцрогдлыг нөхөж байна.

Есдүгээр ангийн сурагч хэрнээ гуравдугаар ангийн мэдлэгтэй хүүхэд олон байна. Хоцрогдол маш их хүүссэн. Хойшоо ангиа сунгаад явчихсан. Хэддүгээр ангиас хоцрогдол үүссэн байна гэдгийг тогтоож, арилгаснаар үр дүнд хүрч байна. Сургалтын үр дүнг эцэг, эхчүүдэд нь хүргэх хэлбэрээр хичээлийн хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Долоон насандаа сургуульд элсэх эрх зүйн зохицуулалт бий. Ковид бидэнд ямар боломж өгсөн бэ? гэвэл хүүхдээ магадгүй гэрт нь байлгаад танхимын бус сургалтуудад хамруулж, долоон нас хүрэхээр нь хоцрохгүйгээр сургуульд элсүүлэх боломжтой.

2022 оныг боловсролын салбарт “Ёс зүйн жил” болгон зарласан. Ерөнхий боловсролын сургууль бүрд ёс зүйн зөвлөлийг байгуулж, эхний ээлжид 150 сургуульд сэтгэл зүйч ажиллуулж байна. Ерөнхий боловсролын бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь зөв. Хүүхдүүд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, цахим халдлагад өртөх зэрэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал их байна. Үүнд нийгмээрээ онцгой анхаарч шүгэл үлээж, соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай" гэжээ.