Соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байжээ. Тухайлбал, зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 188 байршилд 4860 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс өдгөө 108 байршилд 2782 гарааш чөлөөлөөд буй бөгөөд тус ажил 57.2 хувьтай байна. Мөн 36.310 мод, бут тарьж, 21 байршилд 80.000 мкв талбайд зүлэг нөхөн тарьж, хоёр байршилд буюу 8300 мкв талбайд зүлэг шинээр тарьсан. 26 байршилд нэг наст цэцэг тарихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 байршилд нийт 105 мянган цэцэг тарив. Үерийн хамгаалалтын барилга байгууламж цэвэрлэх хүрээнд 14 байршилд 2799 тонн лаг хагшаас цэвэрлэж, хоёр байршилд цэвэрлэгээ хийж байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт, “Миний нийслэл” тоглолт, Үндэсний номын баяр зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээлээ.  

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Хотын автобустай аяллыг энэ жил үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Нийт 356 хүүхэд, залуучуудыг аялуулсан. Франц, Унгарын соёлын өдрүүд, Улаанбаатарын аялал, жуулчлалын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгууллаа. Цаашид “Play time”, Даншиг наадам-Хүрээ цам, Олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Солонгос, Японы аялал жуулчлалын өдөрлөг, Тал нутгийн марафон, Улаанбаатар явган аялал, “Уухай” шагайн харваа зэргийг зохион байгуулна” гэсэн юм. Мөн Их тэнгэрийн амны хадны зураг орчимд тохижилт хийж байгааг хэллээ.