Хууль сахиулах сүлжээний хуралд оролцов

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр болсон тус байгууллагын Хууль сахиулах сүлжээний хуралд олон улсын 100 гаруй төлөөлөгчийн хамт оролцож, Ковид-19 цар тахал тархсанаас хойш хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах явцад гарсан авлигын гэмт хэргийн шийдвэрлэлт, цар тахлын үеийн төрийн худалдан авалтад хэрхэн хяналт шалгалт хийсэн талаар хэлэлцлээ.

Тус хуралд оролцсон төлөөлөгчид цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна ковидын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй хүргэх, халдвар хамгааллын болон эм эмнэлгийн хэрэгслийг худалдан авахтай холбоотой зөрчил, авлигын гэмт хэргийг илрүүлэн шалгаж шийдвэрлэсэн туршлагаасаа хуваалцав. Тухайлбал, Бразил улсад эмнэлгээс зарласан тендерт вино арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани оролцож, цахимаар тендерийн материал хүргүүлснээс хойш 5 минутын дотор шалгарч, хоёр багц тендерт гэрээлэх эрх үүссэн хэргийг илрүүлэн шалгасан байна.

Монгол Улсын төлөөлөгчид гадаад улсын авлигатай тэмцэх ижил төстэй байгууллагын төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, хоёр улсын авлигатай тэмцэх байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд гэмт хэргийн талаарх шаардлагатай мэдээллийг шуурхай харилцан солилцох, өөрсдийн сайн туршлагаас хуваалцаж мөрдөгч нарыг чадавхжуулах сургалтыг хамтран зохион байгуулж байхаар тохиролцов.

Энэ хурлын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсад авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн болон хийж буй ажлуудыг танилцуулсан бөгөөд тус сүлжээнээс Авлигын эсрэг Истанбулын төлөвлөгөөний хэрэгжилтэд Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагааг ирэх онд хянан дүгнэнэ.