ЭхСурвалж #1: Анхны Ерөнхийлөгчийн гавьяа
Түүхийн эх сурвалжид өгүүлснээр Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ээлжит сэдэл нь 1980 оны сүүлчээр эрчимтэй өрнөсөн гэдэг. Тухайн үед Ж.Батмөнх даргатай Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс хүртэл байгуулж байсан түүхтэй. Харин удалгүй Ардчилсан хувьсгал гарснаар Үндсэн хуулиа зарчмын хувьд бүрэн шинэчлэх боломж бүрдсэн юм. Тухайлбал, 1991 оны дундуур НҮБ-ын шинжээчийн баг ирж Үндсэн хуулийн төслийн бүлэг, заалт бүрээр холбогдох хүмүүстэй уулзаж ярилцжээ. Үүнээс гадна Ардын Их Хурлын дэргэд парламентын бүлгэм бий болгож, 430 депутат хамрагддаг байв. Улмаар Ардчилсан Үндсэн хуулийн төслийг 1992 оны зургадугаар сарын 10-аас есдүгээр сарын 1-нийг хүртэл бүх ард түмнээр хэлэлцүүлсэн байна. Хэлэлцүүлэгт 900 гаруй мянган хүн оролцож, 500-гаад мянган хүн үг хэлж, 5177 санал төвд ирүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл юм. Гэхдээ шинэ Үндсэн хууль тийм ч дардан замаар боловсруулагдаж, баталчихаагүйг тухайн үеийн уур амьсгалыг бичиж, тэмдэглэн үлдээсэн архиваас харж болно. Учир нь, 430 депутат оролцсон Ардын Их Хурлын уур амьсгал эхнээсээ төвөгтэй, адармаатай, зөрчилтэй явжээ. Бүр шинэ Үндсэн хуулиа батлах бус бүрэн бүрэлдэхүүнээрээ тарах асуудлыг ч заалнаас тавьж байжээ. Энэ үед БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат үг хэлж, заалны уур амьсгалыг зөөллөж, цаашлаад Үндсэн хуулиа батлан гаргах жимийг засч байсан нь архивын баримтад үлдсэнийг сийрүүлье.
Тэрбээр "Эрхэм хүндэт депататууд аа! Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь ээ. Энэ удаагийн хоёрдугаар хуралдаан Ардын Их Хурлын, улсынхаа Үндсэн хуулийг заавал хэлэлцэж, батлах ёстой. Үүнд битгий эргэлзээч ээ. Хоёр санаа байж болохгүй. Бид өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ гэж намууд ярьж, тохироод, дэлхийд зарласан. Өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа ардчиллын замаар явж байгаа Монгол Улс гэж дэлхий нийтээр мэдэгдээд, хүлээн зөвшөөрөөд, ертөнцийн өнцөг булан бүрээс бидэнд санаа сэтгэлийн, хөрөнгө мөнгөний бүхэл бололцоотой, улс төр дипломатын маш их тусламж өгөөд, дэлхийн хүндэтгэлд орчихсон байна. Тэгэхээр юу гэсэн үг болж байна. Үндсэн хуулиа батлахгүй бол больё гэж хэлэх гээд байгаа юм уу?. Ийм бодол, үйл ажиллагаа явуулах эрх Ардын Их Хурлын депататуудад байхгүй. Үндсэн хуулиа хэлэлцэх учиртай. Хэлэлцээд, зохицоод, засч янзлаад, сайжруулаад, тохиролцоонд хүрээд батлах хэрэгтэй юм. Үүнээс битгий санаа сэтгэлээ хоёрдуулж, нааш, цаашаа холбирооч ээ.
Эдлэж болдоггүй эрх гэж байдаг шүү. Депутат Та бүхэн өөрийн ариун үүрэг, хариуцлагаас зайлах арга байхгүй. Батлахгүйгээр тарах эрх байхгүй шүү. Би тэгж л ойлгож байна. Хэрэв тэгвэл ард түмнийхээ өмнө юу хийх гэж байна. Ард түмнээ төлөөлж ирсэн, эрх орныхоо, Монголынхоо төлөө гээд л байдаг. Хийж байгаа зүйл нь нэг янзтай байна шүү. Ингэж болохгүй. Үүнийг хатуу барьж авъя.
Ийм том хурал, удаан хугацаагаар үргэлжилдэг. Ийм нарийн, чимхлүүр асуудлыг хэлэлцэх хурлыг удирдаж явуулна гэдэг нь шаггүй хэцүү байдаг юм шиг байна. Аливаа парламентын хурлууд өөрөө ажлын аппараттай, зөвлөхүүдтэй, урд нь эгнээд суучихсан байдаг. Бичиж өгөхийг нь бичиж өгөөд, дисплей дээр гаргах зүйлийг нь гаргаж өгдөг. Бичиг цаасыг нь зөөгөөд, утас, цахилгаанаар яриад үйлчилдэг юм.
Энэ хурлыг зохион байгуулах гэж бид янз янзаар ярьсан. Ширээний урд хөндлөн ширээнүүд тавиад, ажлын аппаратыг суулгаж өгье гэсэн. Дараа нь ёс төр, үзэж юуг нь бодоод үзэхэд баахан ажлын хүмүүс энд гарч суучихаад, зохимж муутай юм. Урд талд нь суулгачихаад, утас хажууд нь тавиад өгчихье. Ингэж тусалъя гэж бодсон зүйл энэ юм. Та бүхэн эхний өдөр нь асуудлаа хурцаар яриад, бидэнд янз бүрийн зөвлөлгөөн, тусламж хэрэггүй гэсэн.
Бид энэ дарга нарын хэн нь сонгогдохыг мэдээгүй. Урьдынх шиг жүжиг гэж яриад байна. Тэр жүжгийг нь зохиож чадаагүй шүү. Болохгүй байсан юм. Хэнийг сонгох юм билээ. Тэрийг хэн мэдэх вэ?. Тийм учраас нарийн ширийн зүйлээ хэлж чадаагүй. Сонгоод орчихсон бүгдээрээ л. Утас тавиад, ийм зүйлүүдийг хэлье гэхэд Та минь энэ хурлыг хаанаас удирдаад байна гэж эмзэглэж, уурлаад аваад хаячихсан. Бид ажил хийх гэж байна.
Эх орон ард түмний хувь заяатай холбоотой маш хариуцлагатай чухал, тусгаар тогтнолын аюулгүй байдалтай нь хамт шийдэх үед ирчихээд байна. Ажиллагаа эхлэхэд бие биедээ гоморхоод, хардаж, сэрдээд, уурлаад байх юм аа. Битгий тэгээч ээ. Бага Хурлын дарга, Дэд Ерөнхийлөгчөө жил гаруй хурал удирдаж, тэр талаараа мэргэшсэн. Их Хурлынхаа даргыг орлуулах гээгүй байна. Энэ хүнээр хажууд нь суугаад, эсвэл утсаар ч юм уу зөвлөгөө өгүүлэх зүйлд зөвшөөрч өгөөч ээ. Та нар намайг зөвөөр ойлгоорой.
Би өөрийгөө Их Хурлын өмнө гаргаж, Төрийн тэргүүн гэдгээр энэ хурлыг удирдах ямар ч хууль, ёс зүйн эрх байхгүй. Та нар намайг ингээд байвал энэ нь юу хийгээд, үймүүлээд байна гэх байх. Та нарын хардлага, сэрдлэгэнд ормооргүй байна. Цэвэрхэн хойно нь байх санаатай байна. Хэрэв энд оролцоод байвал аль тал руу ч явах юм. Аль ч талын хүн биш ээ. Нэгэнт Үндсэн хуулийг Бага Хурал, комисс толгойлоод өдий хүртэл явж байгаа Их Хурлын хуралдаанд илтгэх эрхийг Та нараас олж авсан. Тэгж яривал хамгийн удаан ярьсан хүн нь би, 89 минут илтгэл тавьсан юм. Бүх санаагаа хэлсэн.
Бага Хурлын зарим асуудалд зөрж байгаа зүйлээ ч хэлсэн. Дахин хэлээд байх нь эвгүй гэж бодож байна. Тийм учраас суугаад байгаа юм. Хуралд Дэд Ерөнхийлөгчийг оруулж хэлэлцээд, тохиролцоо, тогтолцоондоо хүрэхгүй бол болохгүй. 10 хоночихлоо. Нэг зүйлийн төлөө л байна. Үзэл бодол, санаандаа зөрж байгаа зүйл бий. Яриад тээглэчихлээ. Анхны хэлэлцүүлэг шүү. Нэг хэлэлцүүлгээ дуусгачихаад, хоорондоо юмаа өгөөд, дараа нь ажиллана. Дахин ороод ирэхэд дутуу бодсон байвал эргэж ярьж, хөөрч, залруулах боломж бий.
Ингэж сэтгэл санаагаа жаахан уужруулж авч, ажлаа урагш нь нэг алхам явуулъя. Хавтсаа эргүүлээд эхнийхээ зүйлд оръё. Алдчихсан байвал хоёр дахь хэлэлцүүлэг дээр эргэж яръя. Ингэхгүйгээр бидний сэтгэл санаа хамаг зүйл бариатай, их зовлонтой байна. Би Та нарын өөдөөс хараад сууж байгаа учраас миний дотор хар байна. Та нарын сэтгэл мөн л зовж байгаа учраас уур, ундуутай болоод байна. Жаахан тайвшираад дараа нь сайхан хэлэлцье. Горим, журмаа хатуу бариад, хэрэв дарга маань жаахан будилвал дор нь хэлье. Шуугиад, загнаад байхгүйгээр хүнийг бодох хэрэгтэй. Та нар хүнийг бодох хэрэгтэй. Даргаа огцор, тар гэх юм. Битгий тэг болоогүй байна. Тус болъё. Та нарын даргад үзүүлэх тус бол дэгтэй, замбараатай байх. Та нар намбатайхан шиг байвал их тус болно. Хэрэв дарга алдчихвал, наадахыг чинь ингэе гээд дор нь хэлж өгч байя. Дэгийнхээ дагуу саналаа хураагаад, дараагийнхаа хуудсанд оръё" гэснээр Их Хурлын дарга Ж.Уртнасан 20 минутын завсарлага өгч байжээ. Ийнхүү түр завсарласнаар Ардын Их Хурлын депататуудын уур амьсгал зөөлөрч, асуудалд илүү нухацтай хандаж, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлан гаргах зам нь шулуудаж байсан түүхтэй.
Г.Эрхэс