ЭхСурвалж #5 Ц.Элбэгдорж: Xаалттай хуралдааны цаана олон нүгэл болсон

Ардчилсан Үндсэн хуулийг батлахаас өмнө Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдааны үеэр улсын нэр томъёог цаашид хэрхэн нэрийдэх талаар хэд хэдэн сонирхолтой саналыг депутатуудын зүгээс дэвшүүлж, хэлэлцүүлж байжээ. Тэдгээрээс анхаарал татсан саналыг цувралаар хүргэж байна. Энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн байр суурийг хүргэж байна. Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Ардын Их Хурлын депутат, Ерөнхий сайдаар хоёр, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдсон туршлагатай. Улмаар 2009 оны сонгуульд ялалт байгуулж, ардчиллаас төрсөн анхны Ерөнхийлөгчөөр тодорч, 2017 оныг хүртэл ажилласан юм.


427 дугаар тойргийн депутат Ц.Элбэгдорж: Надад ямар нэгэн хардсан, сэрдсэн юм алга аа. Гэхдээ хоёр, гурван зүйлд үндэслэл хэлье.

Нэгдүгээрт, улсынхаа нэрийг өөрчлөх гэж байгаа юм биш ээ. Монгол Улс гэдэг энэ нэр байсан. Байсаар ч байгаа. Өөрчилнө, барина гэсэн ийм сонин юм яриад байна. Улсынхаа нэрэнд аваачиж зүүсэн тэр зүүлтүүдийг л авах тухай асуудал ярьж байна. Шинээр нэр өгөх гэж байгаа юм уу? эсвэл өөрчлөх, солих гэж байгаа юм энд ерөөсөө байхгүй. Энийг хэн нэгнээс нуух шаардлагагүй. Тэр нэрээрээ л байна. Хойшдоо ч байх болох нь ээ гэдгийг Их хуульдаа бататгах гэж байгаа юм. Дараагийн нэг зүйл манай депутатууд миний үгийг ард түмэн, сонгогчид сонсох ёстой гэж ярьдаг. Энэ үнэхээр гол зүйл. Улсын нэрэнд ярих Таны үгийг ард түмэн сонсохгүй, сонгогчид сонсоогүй бол хэн ч ойлгохгүй. Бидний гаргасан шийдвэрийг ойлгохгүйд хүрнэ. Хоорондоо юу гэж ярилцаж байж энэ Ардын Их Хурал, ард түмнийг төлөөлсөн Их хурал юу гэж ярилцаж, ямар тохиролцоонд хүрч шийдвэр гаргасан юм гэдгийг Монголын ард түмэн мэдэх ёстой. Сонгогчид ч мэдэж байх ёстой.

За дараагийн асуудал нь улсынхаа, өөрийнхөө нэрээ л хэвээр нь байлгаж байна гэдгээ ярьж байна. Шийдвэрээ гаргасан тохиолдолд үнэхээр монголчууд толгойтой болжээ гэдэг асуудал байна. Гэхдээ тэр Хятад ч юм уу?, Зөвлөлт гээд янз бүрийн юм яригдах байх. Хэл гэсэн юм яригдах байх гэж бодоод байгаа юм шиг байна л даа. Арван хэдэн оны хэлэлцээр энэ тэр гээд. Тэр тэд байсан Богд Хаант Монгол тэр чигээрээ биш байна шүү дээ. Өөр байдалтай байна. Тэр Гаминдааны Хятад, Хаант Орос, тухайн үеийн хуулийн субъектууд өнөөдөр өөр болсон. Ямар нэгэн байдлаар нуух юм байхгүй. Зүгээр хаалттай хуралдааны цаана их олон нүгэл болж байсан. Энийг санах хэрэгтэй. Хаалттай хуралдаан юмыг нуух тусам өөрөө маш их илрэх, ил болох энэ юмыг л бид тавьж өгдөг. Нуусан юмыг илрүүлэх гэж хүмүүс хойноос нь их явдаг. Нэмж олон юм илрүүлдэг. Илрүүлсэн дээрээ нэмж олон юм зүүдэг. Ингээд тухайн үед хэлэлцсэн юмыг гутаадаг. Ийм учраас бидний ярьсан зүйлийг ард түмэн сонсох, ойлгох учиртай. Энэ хариуцлагатай үед телевизээр, радиогоор шууд энийг нэвтрүүлж яривал илүү ойлгомжтой болно" хэмээх саналыг гаргаж байсан байна.

Г.Эрхэс