ЭхСурвалж #6: Хоёр танхимтай болохын эсрэг цэнэг буюу Үүл баатрын эгдүүцэл

1991 оны арванхоёрдугаар сарын 2-нд хуралдсан Ардын Их Хурлын хуралдааны үеэр Монгол Улсын парламентын тогтолцоог сонгох, чингэхдээ нэг үү? эсвэл Ардын Их болон Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай явах уу? гишүүдийн тоо хэд байх талаар хэлэлцүүлэг өрнүүлж байжээ. Энэ үеэр Монголын Ардчилсан Намын буюу МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл хоёр танхимтай байх саналыг хүчтэй эсэргүүцэж шүүмжлэлтэй байр сууриас хандаж байжээ. Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг тэрбээр УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан туршлагатай. Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Монгол Улсын баатар цол хүртсэн нэгэн.


52 дугаар тойргийн депутат Э.Бат-Үүл: Уучлаарай, түрүүн толгой эргүүлснээс болоод буцаж суучихаад байсан болохоос биш би асуудлаа хэлж чадаагүй. Одоо шууд санал руугаа оръё.

Нэгдүгээрт, төлөөлөгчдийн хурал байвал ардчилал баталгаатай байдаг. Төлөөлөгчдийн хурал байвал ард түмний эрх ашиг хөндөгддөггүй гэж ярьж байгаа бол энэ худлаа. Яагаад гэвэл бид төлөөлөгчдийн хуралтай байсан. Ардын Их Хуралтай байсан. Ардчилал байгаагүй. Ард түмний эрх ашиг хөөцөлдөж байгаагүй. Дээд зэргийн доталый дэглэм тогтчихсон шүү. Тэр дарангуйлагч дэглэм чинь худлаа. Дэлхий нийтэд ард түмний засаглал байгаа гэж харуулахын тулд Ардын Их Хурлыг байлгасан юм. Тэрэн шиг худлаа юм байхгүй.

Хоёрдугаарт, саяхан депутатууд иргэний, хүний эрхийг батлаад өнгөрсөн юм шиг санагдах юм. Батлаад өнгөрчихсөн мөртлөө яг Элбэгдорж шиг гайхаад байна. Асуудлыг би ойлгохоо байчихлаа. Жишээ нь, ард түмэн өнөөдөр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх бололцоотой болсон. Ажилгүйчүүдийн холбоо байгуулаад тэмцэж болно. Үйлдвэрчний байгууллагаар тэмцэж болно. Эмэгтэйчүүд жагсаал цуглаан ч хийж болно. Чөлөөт хэвлэл, сонинтой болсон. Ерөөсөө ард түмэн жинхэнэ ёсоор, өөрөөр хэлбэл эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцдэг, эрхийг нь өгчихсөн. Тэгэхэд яах гээд депутатад өгөх гээд байгаа юм бэ? Тэрийг ойлгохгүй байна. Ямар депутат, ард түмний эрх ашгийг хамгаалсан гэсэн юм, байгаагүй шүү.

Ийм зүйлийг анхаарах хэрэгтэй. Улс Төрийн Товчоо их зальтай байсан юм аа. Яагаад зальтай байсан юм бэ гэхээр энд тэнд явж байсан 430 депутатыг цуглуулаад үүнийг батал гэчихдэг байсан юм. Тэгээд гайхдаг байсан юм. Ер нь эрүүл саруул ухаантай хүн гайхдаг байсан юм л даа. Яагаад гэхээр төсөв гэдэг чинь хүмүүс суугаад, судлаад, Байнгын хороо гэж гараад, хэлэлцэж, яриад баталдаг зүйл болохоос долоо хоногийн хугацаад шийддэг зүйл юм уу? Битгий Та нар инээдмийн жүжиг тавиач гэсэн яг үнэн. Тэр чинь жүжиг байгаа юм. Жишээ нь, бодъё л доо. 430-уулаа дараа нь ирээд Улсын Бага Хурлын асуудлыг авч хэлэлцэнэ. Эрүүгийн хуулийн нэг асуудал гарч ирж. Тэр асуудлын учрыг олох гэж 430 хүн дор хаяж сар хуралдах ёстой. Тэртэй, тэргүй ингээд бид байнгын үйл ажиллагаатай болчихож байгаа. Тэгж худлаа яриад яах юм бэ? Худлаа шүү дээ.

Эрх зүйт төр байгуулна гэж олон хүний амнаас гардаг юм. Би ойлгохгүй байгаа юм. Хуулийн цаагуур улс төрийн, эдийн засгийн, нийгмийн бодлого явах ёстой. Эрх зүйт төрийн гэдэг чинь ийм. Гэтэл хэдэн эрүүгийн байцаагч авчирч суулгах гэж байгаа юм шиг яриад байх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ? Би өчнөөн удаа юмаа хэлж чадаагүй өнгөрсөн шүү дээ. Үгээ хэлнэ.

За үнэхээр 150 депутат байжээ. 150 депутат жилийн дараа ирээд Улсын Бага Хурлын баталсан 70 хуулийг хэлэлцэх үү? Улсын төсвийг хэлэлцэх үү? Тэгвэл хамаагүй оруулаад ирье. Ерөнхийлөгч гадаадтай байгуулсан нэг гэрээгээ оруулаад ир. Энэ 430 хүн гэрээний хүрээнд ярьж чадах уу?, чадахгүй. Тэгж худлаа яриад яах вэ? Ард түмэн эрх мэдлээ авчихаад байхад тэдний өмнөөс авах гэсэн, депутат болох улс л байж байна шүү дээ. Жагсаалаа хийж байна. Цуглаанаа хийж байна. Ард түмэн эрх мэдэлтэй болчихсон учраас тэр алтны хэрэг чинь илэрч гарч ирсэн. Эрх мэдэлтэй болчихсон учраас тэр долларын хэрэг чинь илэрсэн. Үүнийг худлаа гэхгүй байх шүү, харин" хэмээн эгдүүдэж байжээ.

Депутат Э.Бат-Үүлийг ийн шүүмжлэлтэй байр сууриас хандсаны дараа УИХ 120 гишүүнээс бүрдэнэ. Нэг танхимтай байна. Байнгын ажиллагаатай, хоёр шатны хуралтай байж, Бага Хурал буюу Парламент 40-өөс илүүгүй байж, үлдсэн 80 нь гурван жилийн дотор шинэчлэгдэнэ гэсэн хувилбарыг бичгээр ирүүлж байсан аж. Улмаар парламент нэг танхимтай, 76 гишүүнтэй байх төсөл олонхийн дэмжлэгийг хүлээснээр Үндсэн хуульд тусгажээ. Энэ дагуу "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулснаар Монгол Улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжиж, 1992 онд анхдугаар сонгуулийг зохион байгуулсан түүхтэй.   

Г.Эрхэс