ЭхСурвалж #7: С.Баярцогт: Ерөнхийлөгчийн засаглал Монголд бий болоход маш хүнд

С.Баярцогт. Сангийн сайд асан. Олон нийт түүнийг Оюу Толгойн гэрээг үзэглэсэн гэдгээр нь эчнээ танина. Үүгээр нь өөнтөглөж, дэвсэх нь ч бий. Баяр хүргэж алга таших нь ч байна. Гэхдээ энэ бүгдийг хойш тавиад идэрхэн 23 наснаасаа Монголын улс төрд орж, Ардын Их Хурлын хамгийн залуу депутатаар сонгогдож байсан түүний үзэл баримтлал тэртээх 31 жилийн өмнө ямар байсныг сийрүүлье. Учир нь, 1991 оны арваннэгдүгээр сард Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу? парламент нь Төрийн эрх барих дээд байгууллагаараа явах уу? гэсэн эгзэгтэй түүхэн сонголтын өмнө зогсож байв.


288 дугаар тойргийн депутат С.Баярцогт: Хүмүүстэй давхардуулахгүй саналаа хэлье. Хэрвээ ардчилал гэдэг зүй тогтол, энэ ёс тогтсон оронд Ерөнхийлөгчийн засаглал байна уу, парламентын засаглал байна уу, үнэхээр ялгаагүй адил зүйл. Гэхдээ энэ хоёр засаглалын хэлбэр хоёулаа Европт үүссэн соёл. Энэ соёлыг манайд авч хэрэглэхдээ ямар хэлбэрээр яг ямар нөхцөлд авч хэрэглэвэл тохиромжтойг харах ёстой. 

Ерөнхийлөгчийн засаглал буюу хүчтэй Ерөнхийлөгчтэй орон гэдэгт юу ойлгодог вэ? гэхээр АНУ, Франц хоёрыг ойлгодог. Энд байгаа жишээ Монголд хэрэгжиж эхлэвэл ямар байдалд орох вэ? гэдэг талаар анхааруулъя. Засаглалыг хуваадаг онол байдаг. Гурав хуваадаг. Ерөнхийлөгчийнх нь гүйцэтгэх засаглалаа шууд удирддаг. Шууд хууль тогтоох засаглалдаа оролцож эхэлдэг. Энэ хэлбэр нь нэгдүгээрт, Их Хурал юм уу, парламентынхаа гаргасан хуульд хориг тавьдаг. Хоёрдугаарт, парламентаа тараах эрх эдэлдэг. Ингэснээрээ тухайн улс нэг, эсвэл хоёр засаглалтай орон гэж тооцогдож явдаг. Хууль зүйн хэл томъёогоор Франц, АНУ-ыг хоёр засаглалтай орон гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, нэг хүний диктатур нь парламенттай тэнцсэн. Тэрнээс илүү гарсан хэлбэр гарч ирдэг. Нэг зөрчил, диктатур үүсэх боломж бий болж байгаа юм.

Хоёрдугаарт, Монголд байгаа энэ хүчин зүйлүүдийг харж үзэхдээ ардчиллын гол тулгуур болох намууд үнэхээр нам болж чадаагүйг харгалзах ёстой. Ямар нэгэн хэмжээгээр парламентад суудал аваад Засгийн газраа байгуулах тийм боломж бүрдэж эхэлж байгаа энэ нөхцөлд Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгоод. Ерөнхийлөгч эргүүлээд Засгийн газраа байгуулж байгаа нөхцөлд тэр нь нэг намынх болно. Нөгөө талд Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай оппозиц нам дийлэнх нөхцөлд яг өнөөдрийн бий болсон хаус үүсч байгаа юм. Өнөөдрийн Засгийн газар бол МАХН-ын, тухайн намаас нэр дэвшсэн хоёр танхимын парламентын гишүүд дийлэнх олонх эзэлчихээд байхад энэ нам сөрөг байдалтай болж байна. Энэ нөхцөл маань Ерөнхийлөгчийн засаглал тогтсон нөхцөлд, сонгууль нэг талаараа дагалдаж гарахгүй байгаа учраас хоёр талаас мөргөлдөнө. Зөрчил зайлшгүй гарч ирнэ. Хоёрдугаар зөрчил бий болж байгаа юм. Ингэснээрээ намуудын үүрэг роль буюу парламент нь хууль тогтоохоос хэтрэхээ болино. Ерөнхийлөгчийн диктатур тогтоох зарчим аяндаа цаашаа үйлчлээд эхэлж байгаа юм. 

Хэрвээ одоогийн нөхцөл байдалтай уялдуулаад Ерөнхийлөгчийн тогтооё гэвэл нийгмийн зүй тогтлыг харах ёстой. Жам ёсоороо явах хөгжлийн нэг шат байдаг. Хувьсгалын замаар явах шат гэж байдаг. Одоо байгаа зовлон үнэхээр зовлон. Үүнийгээ дийлье гээд хувьсгалын замаар буюу нэг хүний хатуу диктатур тогтоогоод баръя гэвэл магадгүй 10, 20 жил барьж болно. Ингэж захиргаадаад юманд оруулж болно. Энэ маань тодорхой хугацааны дараа задрал явж эхэлнэ. Дахиад энэ жишээг юун дээр хэлж болох вэ? гэвэл Чили, Өмнөд Солонгос байна. Харахад тэнд диктатур тогтож, юмаа хийгээд эхэлж байна. Эргээд задрал нь тодорхой хугацааны дараа явагдаад эхэлнэ. Ингэхэд Монголд Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилээр яваад нэг хүн тэр хугацаанд барина. Дахиад нэг сонгуульд явагдахад ялна. Ингээд олон жил барихад үнэхээр энэ хатуу диктатур маань тодорхой хүчин зүйл юм уу, үр дүнд хүрч чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. 

Магадгүй Франклин Рузвельт гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулдаг тийм системийг АНУ-д шилжүүлэх гэж байсантай адилхан хандлага гарч ирнэ. Хууль үйлчлэх систем аяндаа задрах тал руу орно. Эдгээр байдлаас харахад Ерөнхийлөгчийн засаглал одоогийн нөхцөлд Монголд бий болоход маш хүнд. 

Бид өнөөдрийн зовлонгоо хараад Ерөнхийлөгчийн засаглалыг бий болговол дараа нь галав юүлсэн ч яах вэ гэдэг тийм арчаагүй, зарчим үйлчилнэ, шууд үйлчилнэ. Бидний үед хатуу диктатураар тодорхой түвшинд хадгалаад байж чадна. Гэхдээ жам ёсны хөгжил нэгэнт алдагдаж байгаа учраас магадгүй 20 жилийн дараа яг ийм хаус Монголд үүснэ. Ингэж байгаа нөхцөлд яах вэ гэдгээ бодолцох ёстой. Жам ёсны хөгжил алдагдсанаас болж үүссэн шалтгааныг Октябрийн хувьсгалаас хойш үүссэн 70 жилийн хөгжил үнэхээр харуулж чадсан гэж ойлгож байгаа юм" гэжээ.

Г.Эрхэс