ЭхСурвалж #9: Хэрвээ Э.Бат-Үүлийн саналыг Ардын Их Хурал дэмжсэн бол...
Монгол Улс парламентын засаглалтай юу? эсвэл хагас Ерөнхийлөгчийнх үү? Энэ асуултад хариулахын тулд 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн болон 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг сөхөх хэрэгтэй болно. Тэнд бичсэнээр "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэжээ. 30 жилийн хугацаанд огт хөндөгдөөгүй, хөндөх ч сэдэл төрүүлээгүй эл заалтаар Монгол Улс парламентын засаглалтай нь хэн бүхэнд ойлгомжтой. Авчиг найман удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон тав, одоогийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийг нэмээд нийт зургаан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанаас харахад Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн үү? гэвэл үгүй, мэдээж эргэлзээтэй.
Төрийн эрх барих дээд байгууллагаас нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, Ерөнхийлөгчид өргөн барихад долоон удаа буцааж л явлаа. Бүхэл бүтэн 76 гишүүнтэй парламент, тэндээс эмхэлсэн Засгийн газар нь Төрийн тэргүүнээсээ хэт хамааралтай явсан нь 2005-2009 он. 2009 оноос гэхэд шүүх байгууллагаар дамжуулан УИХ, Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, үгэнд ордоггүй нэгнээ хуулийн хайчинд оруулдаг тогтолцоонд шилжсэн. Тав дахь Ерөнхийлөгчийн үед хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг өөрийнх нь даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр томилж, чөлөөлж л байлаа. Үндсэндээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын гурван салаа мөчирт Ерөнхийлөгчийн зүгээс "гараа дүрэх" нь хэт олширсон хэрэг. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыгаа өрөөндөө дуудаж, тэтгэвэр нэмэх чиглэл өгсөн нь тэр даруйдаа албажиж, түүхэндээ анх удаагаа Төсвийн хуулиа хэрэгжүүлснээр сар хүрэхгүй хугацааны дараа тодотгол хийж байлаа.
Өөрөөр хэлбэл, 1992 оны Үндсэн хуульд Ерөнхийлөгчид хуулиар олгох эрх мэдлийг тодорхой зааж өгөөгүйгээс Төрийн институц хооронд хэн нэгний нөлөөлөл, хэт хамаарал тогтоох нь алга урвуулах төдий амархан болчихсон гэсэн үг. Уг нь Улаанбаатар хотын захирагч асан, Улсын баатар Э.Бат-Үүл Ардын Их Хурлын депутат явахдаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл рүү Ерөнхийлөгчийн зүгээс халдахгүй байхаар хуульчлах саналыг шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр гаргаж, бас сануулж байжээ.
52 дугаар тойргийн депутат Э.Бат-Үүл: Миний ойлгож байгаагаар алхам алхмаар Ерөнхийлөгчийн засаглал руу яваад байгаа юм шиг байна. Парламентын засаглалтай гэж хэлчихээд Ерөнхийлөгчийнх рүү явж байна. Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгнө гэдэг удирдах бололцоотой болно гэсэн үг. Чиглэл өгч болж байгаа юм бол гүйцэтгэлийн талаар Засгийн газар Ерөнхийлөгчид тайлан тавих болно. Засгийн газар хоёр тайлан тавих нь ээ. Нэгд, Ерөнхийлөгчид, хоёрт, хууль тогтоох байгууллагад. Гэтэл Ерөнхийлөгч нь өөр намаас гарчихсан байвал Төрийн тогтолцооны хооронд зөрчил бий болбо яах вэ? Улс төрийн тэмцлийн гал дунд Ерөнхийлөгч яваад орвол яах вэ?
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч чиглэл өгөөд зогсохгүй огцруулах саналыг оруулж байгаа шүү дээ. Өөрийн өмнө тайлагнасан, өөрөө өгсөн чиглэлийг биелүүлсэнгүй гэж огцруулах уу? Хожим нь Төрийн тогтолцоог ийм хямралд оруулчихсан байдал гаргавал яах вэ? Уг нь Ерөнхийлөгчийг шууд парламентаас сонгож байсан бол ялсан нам нь Засгийн газраа байгуулаад, Төрийн тэргүүнээ ч сонгох бололцоотой. Зөрчилд орж болохгүй байх байсан.
Гэтэл одоо Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгоод, Засгийн газрыг парламентаас байгуулж байна. Парламент ард түмний хүсэл зориг, тухайн үеийн хүсэл зориг, Ерөнхийлөгчийн хүсэл зориг, Засгийн газрын хүсэл зориг гэсэн ийм дөрвөн үндсэн том юмнууд хоорондоо зөрчилд орчихвол яах вэ? Харамсалтай нь, тэр үед бид түүнийг хариуцаж суухгүй. Ерөнхий сайд сайд зөвшөөрөөгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй байх. Өөрөөр хэлбэл, чиглэлийг хүчингүй гэж үзэж болно. Ийм зүйлийг анхааруулмаар байна.
Засгийн газрын кабинетын гишүүдийг Ерөнхийлөгч батлах асуудлыг тавихдаа үүнтэй холбож тавьсан. Тэр нь юу гэхээр Ерөнхийлөгч Засгийн газрын удирдамжаар ажиллах тохиолдолд гэсэн болзлоор тавьсан. Одоо бол Засгийн газрыг удирдахаар болчихлоо шүү дээ. Энэ чинь хоёр өөр зүйл. Яагаад Засгийн газрын удирдамжаар Ерөнхийлөгч явах үед кабинетыг тохоон томилж байгааг тайлбарлая. Жишээ нь, Худалдаа, үйлдвэрийн яамны сайд гадаад гэрээ, хэлэлцээр хийх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч ингэж явах хэрэгтэй байна. Улс төрийн ийм гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавина. Яг энэ дагуу Ерөнхийлөгч Москвад эсвэл Бээжинд гэрээ хэлэлцээ хийнэ. Үүнийг сайтар болгоогооч ээ.
Дөрөв дээр үүнийг янзалж болохоор бололцоо байх шиг байна. Юу вэ гэхээр Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгоно. Ялсан нам бол Ерөнхийлөгчийн эрхийг өргөтгөх бололцоотой байгаа юм. Ингэж өргөтгөхдөө идэж явсаар байгаад гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэсэн гурван засаглалаа гурвууланг нь идэж болно шүү, ялсан нам. Тэр бүрэн эрх рүү халдахгүй байхыг энд нэмээд заагаад өгчихвөл өөр байж болно" гэжээ.
Дөрөвдүгээр заалтыг төсөлд байгаагаар нь зөвшөөрч байна гэсэн томъёоллоор санал хураалгахад 324 депутатаас 91 хувь нь буюу 295 нь зөвшөөрчээ. Энэ үеэр Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно гэж байгаа шүү дээ. Түүнд нэг өгүүлбэрийг нэмээд оруулъя. Энэ нь, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн онцгой бүрэн эрхт хамаарах асуудлыг хөндөхгүй, зөв үү. Яагаад гэвэл Ерөнхийлөгч алинд нь хамаарч байгаа нь тодорхойгүй болчихлоо. Редакцийн засвар хийж болох байх" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Хариуд нь "Томъёолол нь гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн онцгой бүрэн эрхийг хөндөхгүй гэх, редакцийн засвар хийчихье" гэдгийг Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан онцолж байжээ. Гэвч "Ерөнхийлөгч хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлыг хөндөхгүй" гэдэг үгийг Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйлд нэмж тусгахаар санал хураалгасан ч ердийн олонхийн дэмжлэгийг хүлээж чадалгүй унажээ. Улмаар Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг олгосон хуулийг УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар батална" гэсэн зарчмын зөрүүтэй саналыг дахин гаргасан ч ердийн олонхийн дэмжлэгийг аваагүй байна. Хэрвээ Э.Бат-Үүлийн саналыг Ардын Их Хурал дэмжсэн бол үе үеийн Ерөнхийлөгч нартай холбоотой эрх мэдлийн хуваарилалттай холбоотой гарахаас асуудлаас сэргийлж, ядаж л хамжааргатай байлгах байсныг үгүйсгэхгүй.
Г.Эрхэс