Голын эрэг дагуу баригдсан, баригдаагүй барилгын жагсаалтыг гаргана

Хотын дарга хүйтний эрч буурахгүй тул холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг санаачилгатай байж, бүтээлч ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавьж, жорлонг цэгцлэх шаардлага бий болсныг хэлж, холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг даалгалаа. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тухайлбал,

  • Нийслэл хотод зөвшөөрөлгүй барьсан барилгын жагсаалт болон голын эрэг дагуу баригдсан, баригдаагүй барилга, байгууламжийн жагсаалт, олгосон газар зэргийг цэгцлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж танилцуулах.
  • Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах.
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулах.
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжийг бэлэн байлгаж ажиллах.
  • Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн чиглэлээр ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
  • Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах.
  • Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.
  • Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах.
  • Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх.
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.
  • Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах.
  • 2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллахыг тус тус үүрэг болгов.