Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно

Хотын дарга гүүрэн байгууламжуудын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодруулахад “Зайсангийн хос гүүр, Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх /Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох/ гүүрэн байгууламж, Шар хаднаас Гачуурт хүртэлх гүүрэн байгууламжийн ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэсэн юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Мөн тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулсан юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэлээ.

Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах, Нийслэл Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээний журам боловсруулах ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө. Тэрбээр “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудаас саналаа аваад явж байна. Гэрэлтүүлгийн хувьд мөн Ажлын хэсэг байгуулагдсан. Дүүргүүдийн хариуцсан байгууллагуудтай уулзаж, өмнө нь хоёр байгууллага хамтран гэрээ байгуулдаг байсан бол одоо УБЗАА-тай хамтран гурвалсан гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно. Цаашид нэгдсэн автомат унтраалгатай болгох ажлыг судалж байгаа” хэмээсэн юм.