Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийг О.Номинчимэг нарын УИХ-ын 78 гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Төслийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцууллаа. Тэрбээр, Тамхины хэлбэр, хэрэглээ эдүгээ шинэ хэв маягт орсон гээд, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулж, хяналт тавих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан хэмээлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2022 оны тооцоогоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч, Номхон далайн баруун бүсийн хамгийн өндөр тархалттай орны долдугаарт жагсжээ. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг ноогдож буй аж. Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын мэдээгээр 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оныхоос хоёр дахин, электрон тамхины шингэн болон төхөөрөмжийн хэмжээ 2020 оныхоос 175 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхийг Монгол Улсын гаалиар оруулж ирж байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болсон байна. 13-17 насны сурагчдын 25 хүүхэд тутмын нэг нь янжуур, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгааг 2023 онд ДЭМБ судлан тогтоожээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүйгээр үл барам хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, ирээдүйн хорт зуршлуудад хөтөлж байна. Хорт бодис агуулдаг, амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх, судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтуулах эрсдэл өндөртэйгөөс гадна электрон тамхи нь утаат тамхинаас гарах арга хэрэгсэл болохгүйгээр үл барам өсвөр үе, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин ихэсгэдгийг тогтоожээ. Иймд электрон тамхийг Сингапур, Норвег, Чили, Энэтхэг, Турк зэрэг дэлхийн 46 улс бүрэн хориглож, 82 улс хууль тогтоомжоор эдийн засгийн болон эдийн засгийн бус зохицуулалтыг хийсэн байна. Үүний дотор Эстони, Финланд, Австрали, Герман, АНУ БНХАУ Нидерланд, Шинэ Зеланд зэрэг 20 улс амт, үнэрийг нь хоригложээ. Харин Монгол Улс өнөөдрийг хүртэл хуулийн ямар ч зохицуулалтгүй явж байна гэлээ.

Хуулийн төслөөр электрон тамхи, уламжлалт янжуурыг ялгалгүйгээр хуулийн ижил зохицуулалтад оруулахыг эрмэлзэж, онцгой албан татварыг 2026-2030 онд үе шаттай нэмэгдүүлэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар манай улсад нэг хайрцаг янжуур дунджаар 3850 төгрөгийн үнэтэй бөгөөд үүний 40 орчим хувийг татвар эзэлж байгаа нь дэлхийн хамгийн хямд тамхитай улсын жагсаалтад багтаж улмаар тамхины хэрэглээг дэмжих нөхцөл болж байна хэмээлээ. Тамхины үнийг 10.0 хувиар нэмэхэд хэрэглээ хамгийн багадаа 4.0 хувь, хөгжиж буй орнуудад 5-7 хувь буурч буйг ДЭМБ-ын судалгаа тогтоосон бөгөөд эдийн засгийн аргаар зохицуулалт хийснээр өсвөр насныхан тамхинаас амархан татгалзаж байгааг мөн судалгаа тогтоожээ. Тамхины онцгой албан татвараар нэмэгдэх орлогыг тамхидалтын эсрэг тэмцэлд зориулахаас гадна сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжийг өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн тамхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн үнэр, амтыг хориглох, ил тавьж худалдаалахыг хязгаарлах, гудамж талбайд алхангаа татах, ил татахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хороо 11 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргасныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Ариунзаяа электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийн онцгой албан татвар, гаалийн албан татварын хувь хэмжээг хэдэн хувь болгож ямар үе шаттайгаар нэмэгдүүлэх, гаа болон жимсний амт, үнэр оруулагчтай байхыг хориглож байгаа эсэх талаар, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг олон улсын хэмжээнд ашиглагдаж буй нас баралтын статистик мэдээлэл манай улсынхтай нийцдэг эсэх, бусад улс орнуудад зөөлөн аргаар тамхитай тэмцэж байгаа туршлагын талаар тодруулж, хариулт авчээ. Мөн УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан электрон тамхи болон янжуур тамхинд ногдуулах татварын ялгаа нь юутай уялдаж, ямар зохицуулалтын хүрээнд тогтоосон талаар, тамхины худалдаа нь далд эдийн засагт шилжих эрсдэл болон түүнд тавих хяналтын зохицуулалтын талаар, татвар нэмэгдсэнээр үүсэж байгаа хуримтлалын 50 хувийг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх талаар, УИХ-ын гишүүн А.Ганбаатар тамхины татварыг нэмэгдүүлж буйтай холбогдуулан бизнес эрхлэгчид бэлтгэл хангасан эсэх, үүнээс үүдэн сөрөг үр дагавар гарах эрсдэлийн талаар, электрон тамхины никотинд бус төхөөрөмжид татвар ноогдуулж байгаа нь дүнсэн тамхийг татахдаа ашигладаг гансанд татвар ногдуулна гэж ойлгох эсэх талаар, гаа болон үнэр, амт оруулагчийг хамтад нь нэг мөр хориглох эсхүл хориг тавихгүйгээр зөвхөн татварын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалт хийж болох талаар, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглосон хууль хэрэгжихгүй байгаа, үүний хяналтын талаар асууж мэдээлэл авсан байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат электрон тамхины гаднах үзэмж сав баглааг хүүхдийн анхааралд өртөхгүй болгож хор хөнөөлийн талаарх сурталчилгааг олон нийтэд идэвхжүүлэх, мөн орон нутгийн бага төвлөрөлттэй аймаг, сумдад хүүхдийн орчинд тамхи худалдаалахыг хориглосон хууль нь уялдахгүйгээс болж хууль бус худалдаа явагдаж байгааг хэрхэн зохицуулах талаар, УИХ-ын гишүүн Б.Найдалаа улс орнуудын тамхины хуулийн зохицуулалт болон харьцуулалтын талаар, УИХ-ын гишүүн Ө.Шижир манай улсын гаалийн байгууллагад импортолж буй тамхин бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг эрх бүхий лаборатори байдаг эсэх, хийсэн шинжилгээний хариу нь шинжилгээний бичигтэй таардаг эсэх, мөн хуулийн төсөл яригдаж эхэлснээр хойш тамхины импортын татан авалт хэд дахин нэмэгдэж байгааг хэрхэн зохицуулж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.