Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх санал дэвшүүлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай өглөөний уулзалт зохион байгуулав.

Тэрбээр урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулж, хуульч, эрдэмтэд, багш нарын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад оролцогчид

  • Их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх,
  • Сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх,
  • Хууль зүйн сургуулийн байрны асуудал,
  • Эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах,
  • ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах,
  • Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.

 

Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлж буй шударга ёсны төлөөх тэмцлийг бүх талаар дэмжинэ гэдгээ оролцогчид илэрхийллээ.

Л.Оюун-Эрдэнэ "5Ш ажиллагаа нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсны мэдрэмжийг сэргээх зорилготой. Энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэж буй сайн туршлага, оюутан залуусын хүсэл эрмэлзлийг тусгасан санал зөвлөмж Засгийн газрын үйл ажиллагаанд ихээхэн дэм болно" гэв.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа.

 

Уулзалтын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа Хууль зүйн сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм.

63 жилийн түүхтэй тус сургууль өдгөө хоёр тэнхим, нэг төв, гурван судалгааны нэгж, гадаадын нэр хүндтэй хамтран менежмент хийдэг Япон, Солонгосын эрх зүйн боловсрол, судалгааны төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хүний нөөцийн хувьд үндсэн багш нарын 73 хувь нь гадаад улсад суралцаж, эрдмийн зэрэг, цол хамгаалжээ.