"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дураар ажиллахаар 2000 гаруй хүн бүртгүүлжээ

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд 11 спортын төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нийслэлийн удирдлагуудад мэдээлэл өгөв.

Тэрбээр “Зүүн Азийн олимпын хороонд наадмын бэлтгэл ажлын тайланг сар бүр онлайнаар илтгэж байгаа. Мөн наадмын дэргэд Хот, Олимп, Спорт гэсэн гурван дэд хороо байгуулсан. Өдгөө наадмыг олон нийтэд сурталчлах, таниулах арга хэмжээг зохион байгуулж буй. Түүнчлэн эсээ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Мөн наадмыг сурталчлах спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Наадмын хөтөлбөрт багтсан төрлүүдийн тест тэмцээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Наадмын хүрээнд 1500 орчим хүнийг хамруулсан 30 гаруй сургалтыг зохион байгуулж, наадамд ажиллах хүний нөөц, сайн дурын ажилтнуудыг чадавхжуулна. Сайн дураар ажиллахаар Монголоос 1950, гадаадаас 120 гаруй хүн сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн. Тэмцээнийг 10 гаруй барилгад зохион байгуулна” гэлээ.

Наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэн, хаалтыг Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөжээ. Наадамд 1500 гаруй тамирчин оролцож, нийт 2700 орчим хүн тэмцээнийг зорьж ирэх төлөвтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Анх удаа зохион байгуулж байгаа том хэмжээний наадам тул сайн зохион байгуулах хэрэгтэй. Нийслэлийн харьяа байгууллагууд уялдаа холбоотой, ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Мөн хотын иргэдийн төлөө хийж байгаа ажилдаа эзэн болж ажиллаарай” хэмээв.

Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг ажиллаж байна

Үүний дараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа. Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Түгжрэлийг бууруулах төсвөөр 2023 онд есөн ажил, 110 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Улс, нийслэлийн хөрөнгөөр 19 ажил, 619 нэгж талбар чөлөөлөхөөр байгаа.  Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг гарсан. Өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шийдвэрийг гарган ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгогдсон 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцалсан эсэх талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлд зөвшөөрөлгүй барьсан 55 барилгыг Зөвлөлийн хурлаар танилцуулсан. Хурлаас 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар үүрэг өгсөн. Ажлын хэсэг хуралдаж, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар шийдвэр гаргана” хэмээлээ.