Сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Налайх дүүргээс удирдан явуулав. Дүүргүүд дээр тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, нөхцөл байдалтай танилцах үүднээс тэрбээр шуурхай зөвлөгөөнийг аль нэг дүүргээс цахим болон танхимаар хийж байхаар шийдвэрлэсэн юм.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 77.1 хувьтай байлаа. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг ил тод, шуурхай зохион байгуулан, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд нээлттэй тендер шалгаруулалт, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмаар нийт 394 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулан ажиллаж буй. Үүний дүнд тендер зарлалт 85.8 хувьтай буюу өмнөх долоо хоногоос 18 хувиар өссөн байна.

Хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй хот” болгох аяны хүрээнд “Нэгдүгээрт хүүхэд” арга хэмжээг зохион байгуулав. Байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх тус аян дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд үргэлжлэх юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 12 байршилд 137 гарааш чөлөөлсөн бөгөөд ажлын явц 5.8 хувьтай үргэлжилж байна.

Нөөц бололцоондоо тулгуурлан бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийж буй ажлууд, цаг үеийн нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл өглөө. Тус дүүргийн хувьд улсын төсвийн санхүүжилтээр 12, нийслэлийн төсвөөр 17, дүүрэг болон Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 34 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс “Голомт” цогцолбор сургуулийн барилга, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамж, 5 дугаар хорооны уурын зуухны барилга болон угсралтын зардалд үнийн өсөлтийн зөрүү гарч, санхүүжилт дутсан тул бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учирч байгааг онцолсон.

Хотын дарга Д.Сумъяабазар “БНХАУ хилээ нээж, бараа материалын хангамж, тээвэр ложистикийн асуудал цэгцэрч байгаа. Тиймээс үнийн өсөлтийн зөрүүг дахин тодорхойлж, нөөц бололцоондоо тулгуурлан барилга, байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай” хэмээлээ.

363 байгууллагад сургалт зохион байгуулав

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг, Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван, Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр нар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.

Мэргэжлийн хяналтын газар татан буугдсанаар Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газарт улсын 29 байцаагч шилжиж ажиллаж буйн 24 нь хөдөлмөрийн хяналтынх, тав нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтынх байна. Нийслэлийн иргэдийн амьдрах, ажиллах эрүүл, аюулгүй орчныг хангахаар эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хүрээнд урьдчилан сэргийлэх, хянан шалгах арга хэмжээг авч буй. Тухайлбал, барилгын ажлын аюулгүй байдлыг хангах зөвлөгөө мэдээллийг хүргэх, арьс шир, ноос ноолуур, хөнгөн, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлж байна.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 363 байгууллага, аж ахуйн нэгж дээр сургалт зохион байгуулжээ. Харин хяналт шалгалтын тухайд шалгалтад хамрагдах 310 обьектын эрсдэлийн үнэлгээ, 26 аж ахуйн нэгж, иргэнд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Түүнээс гадна томоохон баяраар зохион байгуулдаг өргөтгөсөн худалдааны үеэр төлөвлөгөөт бус шалгалт хийж, зөрчлийг арилгах, зөвлөгөө мэдээлэл өгөх арга хэмжээ авчээ.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад нийслэлийн харьяа байгууллагууд уялдаа холбоотой, шат шатандаа хяналтаа сайжруулан ажиллах нь чухал байгааг Хотын дарга тэмдэглэсэн.