Хан-Уул дүүрэгт тохижилт, ногоон байгууламжийн 11 ажил хийнэ

Хан-Уул дүүрэгт хийж байгаа ажлуудын мэдээллийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өгөв. Тус дүүргийн хувьд энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд 360 гэрэлтүүлэг, Нисэхийн бүсэд 220 камер суурилуулна. Түүнчлэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн бөгөөд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихаар санаархаж байгаа компаниудыг танилцууллаа. Хотын дарга нийслэлээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, тус компаниудад хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тус дүүргийн 17, 23, 24-р хороонд улсын сургууль, цэцэрлэг байдаггүй. Иймээс дүүргийн удирдлагууд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдвэрлэхийг хүслээ. Хотын дарга төсөвт суулгахаар судалж, танилцуулахыг үүрэг болгов.

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоож байна

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил, ажлын явцын талаар Хотын дарга дүүргийн Засаг дарга нараас тодрууллаа. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт энэ чиглэлээр Ажлын хэсэг гарч, гурван цэг байгуулахаар болжээ. Багануур дүүргийн тухайд түр худалдаа, үйлчилгээ эрхлэх хоёр цэг байгуулахаар төлөвлөсөн бол Налайх дүүрэг гурван байршлыг баталсан байна. Багахангай дүүрэг дөрвөн байршлыг тогтоож, одоогийн байдлаар хоёрт нь үйл ажиллагаа явуулж буй. Баянгол дүүрэг дөрвөн байршил гаргасан бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа, одоогийн байдлаар худалдаа эрхлээгүй гэсэн бол Баянзүрх дүүргийнхэн иргэдтэй уулзаж, санал авч байгаа гэлээ. Харин Сүхбаатар дүүргийн тухайд 15 иргэнд түр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүрэгт Ажлын хэсэг гарч, түр худалдаа, үйлчилгээ эрхлэх 15 байршил гаргаж, ил задгай худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүсийн судалгаа авч, зургаадугаар сарын 1-нээс үйлчилгээг эхлэхээр төлөвлөжээ. Хан-Уул дүүргийн хувьд хоёр байршил гаргасан, үйлчилгээг тавдугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Хотын дарга дүүргийн удирдлагуудыг иргэдтэй уулзаж, хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрч ажиллах хэрэгтэйг хэлж байв.