Сонгинохайрхан дүүрэгт есөн сургууль, 12 цэцэрлэг ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай танилцуулав. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт 268 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Үүнээс сургуулийн 15 барилгын ажил байгаа юм. Тодруулбал, үндсэн барилга долоо, өргөтгөл хоёр, бага сургууль зургаа байна. Эдгээрээс энэ жил есийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр суудлын тоо 4660-аар нэмэгдэнэ. Мөн он дамжин хэрэгжих 28 цэцэрлэгийн барилгын ажил байгаагаас энэ онд 12 нь ашиглалтад орж, орны тоо 1875-аар нэмэгдэх юм. Түүнчлэн Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил 2018 оноос эхэлсэн, энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Тус театр нь 850 хүний суудалтай. Мөн 126 айлын түрээсийн орон сууцны ажил үргэлжилж байгаа, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна. Мөн шинээр хороо нэмэгдсэнтэй холбоотойгоор байргүй хороо олон байгаа тул үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Дүүргийн хэмжээнд 1400 орчим гарааш чөлөөлсөн бөгөөд зургаан талбайд тохижилт хийжээ. Хотын дарга ногоон байгууламж, тохижилтын ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг тодотгож байв.

Гарааш чөлөөлсөн байршилд барилга барих нэг ч зөвшөөрөл олгоогүй

Үүний дараа Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодруулсан юм.

Гарааш чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 188 байршилд гарааш чөлөөлсөн. Эдгээр байршилд архитектур төлөвлөлтийн болон тохижилтын ажлын төлөвлөлтийн 79 даалгавар батлагдаад байна. Тодруулбал, хоёр байршилд олон давхар зогсоолын архитектур төлөвлөлтийн даалгавар, 42 байршилд гадна талбайн тохижилтын ажлын даалгавар, 35 байршилд авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Энэ жил 132 байршилд гарааш чөлөөлнө. Эдгээр байршилд архитекторууд газар дээр нь очиж, орчных нь орон зайтай уялдуулсан байдлаар архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж байгаа. Иргэдийн дунд гарааш чөлөөлсөн байршилд барилга барих гэж байна гэх ойлголт бий. Нэг ч байршилд барилга барих зөвшөөрөл олгоогүй. Харин тухайн гараашийг худалдаж аваад өмчилчихсөн, газар олгочихсон хоёр байршил бий. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, зохих шийдвэр гарна хэмээлээ.

Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлтийг түргэн, шуурхай шийдвэрлэж байгааг хэлж байв. Өмнө нь мэргэжлийн зөвлөлийн хурлыг долоо хоногт нэг удаа зохион байгуулдаг байсан бол энэ долоо хоногоос хоёр удаа зохион байгуулж байна.