Зар, мэдээлэлд хууртагдахгүй, сайтар нягтлахыг сануулав

Олон нийтийн цахим сүлжээнд хувь хүмүүс “Шенгений улсын ажлын виз гаргана”, Европын орнуудад “өндөр цалинтай ажилд зуучилна” гэх хуурамч зар түгээж, иргэдийг хохироох тохиолдол гарсаар байгааг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. Тодруулбал, Серби, Чех улсад ажилд зуучилна гэх хуурамч зарын дагуу иргэд бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул энэ төрлийн зар, мэдээлэлд хууртагдахгүй, сайтар нягтлахыг тус яамнаас санууллаа.

Түүнчлэн гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хууль журмын дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон виз авсны үндсэн дээр ажил, хөдөлмөр эрхэлдэг. Гадаад улсад ажиллах хүч илгээх, бусад улс орноос ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа юм.