Бичигт боомтын олон улсын зорчих хөдөлгөөнийг нээнэ

БНХАУ-тай хиллэдэг Бичигт боомтын олон улсын зорчих хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 15-ны өдөр нээхээр болжээ. Тус боомтод байнгын үйл ажиллагаа эрхэлдэг 1000, түр буюу явуулын 1500 гаруй иргэн суурьшдаг аж. Ердийн үед өдөрт дунджаар 500-600 орчим зорчигч, 300 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг.

Тэгвэл боомтын хилээр нэвтрэх зорчигчид дараах шаардлагыг хангах ёстой ажээ. Үүнд,

  • Монгол Улсын гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх буюу Монгол Улсын хилээр нэвтрэх хүчин төгөлдөр баримт бичигтэй байна
  • Улсын хилээр нэвтрэх хүүхэд гадаад паспорт, төрсний гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагчийн хамт хил нэвтэрнэ. Хууль ёсны асран хамгаалагч хамт яваагүй бол итгэмжлэхтэй байна.
  • Улсын хилээр нэвтрэх зорчигч нь 48 цагийн PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд сөрөг хариутай нөхцөлд хилээр нэвтэрнэ
  • Хилээр нэвтэрч буй иргэд эрүүл мэндийн мэдүүлгийг 100 хувь мэдүүлэх бөгөөд зорчигчид гар утсандаа “Wechat” аппликейшн суулгасан байна
  • Даваагаас баасан гарагт 08.00-09.00 цагт Монголын талаас зорчигчид БНХАУ-ын тал руу, БНХАУ-аас Монгол Улсын тал руу 16.00-17.00 цагт зорчигчид нэвтэрнэ
  • БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээр, Олон улсын зам тээврийн хяналтын журмын (БНХАУ-ын Зам тээврийн яамны 2005 оны 3 дугаартай шийдвэр) холбогдох заалтын дагуу Монгол, БНХАУ-ын хилийн боомт хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь наймаас дээш хүний суудалтай автобусаар хил нэвтэрнэ
  • БНХАУ-д Монгол Улсын иргэд 30 хоног хүртэл хугацаатай визгүй зорчиж болно
  • БНХАУ-д зорчиж буй иргэд зочид буудлаас бусад газар амьдрах болон хоноглохоор бол 24 цагийн дотор БНХАУ-ын Цагдаагийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай гэдгийг хилийн Бичигт боомтын зөвлөлөөс анхаарууллаа.