М.Ганхүлэг: "Шинэ хөдөө" төслийг 26 тэрбумаар санхүүжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Байнгын хорооны хуралдааны үеэр 2023 онд улаан буудайн урамшуулалд 15.9, сүүний урамшуулалд 5.9, арьс ширний урамшуулалд найм, ноосны урамшуулалд 9.3, хүнсний ногооны урамшуулалд 6.1 тэрбум төгрөг олгосныг тодотгоод 2024 оны төсөвт тодорхой хэмжээнд энэхүү урамшууллуудыг нэмэгдүүлэхээр тооцсон. Мөн "Шинэ хөдөө" төслийн 2024 оны төсөвт арга хэмжээг нийтдээ 26 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон гэдгийг онцолжээ.

Мөн 2024 онд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй холбогдолтой зардлыг 13.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтож, 2024 оны улсын төсөвт 69.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг 71.1 сая малдаа тооцохоор нэгж малд нь 982.4 төгрөг болж байгаа юм. Энэ жил 52.5 сая тун вакцин хийнэ. Түүнчлэн мал эрүүлжүүлэх асуудлын суурь болсон мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг 2024 оны төсөвт нэмэгдүүлж, 6.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тухайлбал, малын тарилгын хөлсийг үхэрт 1000, бог малд 350 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцсон. Энэ хүрээнд малын вакцинжуулалт болон хувийн мал эмнэлгүүдийн үйл ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэнэ зэргээр Ажлын хэсгээс нэмэлт тайлбаруудыг өгсөн юм.