ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ
Д.Амарбаясгалан: Хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алддаг
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эхэллээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараахь танилцуулгыг хийсэн юм.
Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй боловч нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна. Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан. Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ.
Хуулийн төсөлд Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг Нийслэлийн ИТХ тогтоохоор тусгажээ. Сүүлийн үед нийгэмд такси үйлчилгээтэй холбоотой олон хэргүүд гарах болсныг Д.Амарбаясгалан сайд дурдсан. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд сүүлийн 5 жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс дийлэнх нь буюу 2940 нь нийслэлд гарчээ. Үүнээс 2636 гэмт хэргийг таксины жолооч үйлдсэн байгааг онцгой анхаарч цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсныг тэрбээр онцлоод, такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх, түүнд тавих хяналт зохицуулалтыг бий болгохыг зорьсон хэмээн мэдээлсэн.
Сайд Д.Амарбаясгалан, Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүн амын төвлөрлийг сааруулах, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдэл нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах явдал юм. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь нь буюу 212 мянган өрх орон сууцанд, үлдсэн 48.6 хувь буюу 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороолол буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, агаар, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Хуулийн төсөлд нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвүүдийн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, газар чөлөөлөлтийн нөхөх олговрыг газрыг газраар дүйцүүлэн олгох, газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр, газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах болон бусад боломжит хэлбэрээр олгож болохоор тусгалаа. Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсний үр дүнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн талаар үр дүн гарч нийслэлийн иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдэнэ гэж үзэж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл төвлөрлийн алдаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг цогцоор шийдвэрлэх зорилгоор нийт 25 хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулахаар багцаар нь боловсруулсан гэлээ.






