Б.Солонгоо: Ургийн баярыг дэлгэрүүлж, үндэсний хэмжээнд аян явуулах шаардлагатай

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоo цус ойртолт, садан төрлийн гэрлэлтээс урьдчилан сэргийлэх талаар хариулт өгөхдөө, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цус ойртолтоос урьдчилан сэргийлэх хүн амын удмын санг хамгаалах зорилгоор гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНК-гийн шинжилгээнд хамрагдаж болох боломжийг нээж өгсөн талаар ярилаа. Мөн тэрбээр, хуулийн төслийг боловсруулахдаа аль болох хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмыг баримталсан тухай дурдаж, төрөл садны холбоог тогтооход ДНК-ийн шинжилгээнээс гадна хосуудад удам зүйн шинжилгээ хийхэд ураг төрлийн өвөг удмын гурав болон түүнээс дээш үеийн үеэл, хаяал, бөл өвөг удмуудыг тодорхойлох шаардлагатай гэсэн юм. Энэ суурь судалгааг хүн амын дор хаяж 1.0 хувьд хийх шаардлагатай ажээ. Ургийн бичиг хөтлөхөд дэвшилтэт технологийг ашиглах талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариулахдаа, гэрлэгчдийн хувь хүний мэдээллийг ДНК-ийн шинжилгээний хариутай тулган нягталж, дүгнэлт гаргахад зохион байгуулалт, техник хангамжийн нэлээд ажлуудыг урьдчилж хийх шаардлагатай тул энэ зохицуулалтыг 2028 оноос хэрэгжүүлэхээр тусгасан гэсэн юм. Мөн тэрбээр, монголчуудын уламжлалт ургийн бичиг хөтлөх уламжлал, ургийн баяр зэргийг дэлгэрүүлж, үндэсний хэмжээнд аян явуулах шаардлагатай гэсэн юм.