Б.Батцэрэн: Хууль зүйн яамнаас саналд Дээд шүүх тусгайлан санал гаргаагүй

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах” гэсэн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан байдгийг ажлын хэсгийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн дурдаад “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар Улсын дээд шүүхэд санал ирүүлсэн. Тухай бүр нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, саналаа өгсөн. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн хувилбарыг яг энэ байдлаар Улсын дээд шүүх хэлэлцээгүй. Хамт өргөн мэдүүлсэн төсөлд холбогдох заалт тусгагдсан байгаа бөгөөд энэ нь хууль тогтоогчдын шийдвэр байх болно. Мөн хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах төслийн заалт байгаагүй.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх хяналтын шатны шүүх авлига, албан тушаалын хэргийг давж заалдах шатын журмаар хянан шийдвэрлэх өөрчлөлтийн талаар санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй” гэлээ. Авлига, албан тушаалын хэрэг сүүлийн гурван жилийн байдлаар өсөлттэй байгаа бөгөөд 2022 онд улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 417 хүнд холбогдох 182 авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оноос өссөн үзүүлэлт юм байна. Давж заалдах шатны шүүхүүд мөн онд  296 хүнд холбогдох 100 авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэсэн нь 2021 оныхоос 3.5 дахин өссөн үзүүлэлт гэв. Хэрэв авлига, албан тушаалын хэргийг давж заалдах шатны журмаар шийдвэрлэх шүүхийн харьяаллыг хяналтын шатны шүүхэд шилжүүлэх тохиолдолд ажлын ачаалалд нөлөө үзүүлнэ гэв.

Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг нь хамтран оролцсон хүний өөр, өөр хэлбэрээр бүлэглэж үйлддэг, авлигын хэрэг нь өгсөн, авсан аль аль нь шийтгүүлдэг онцлогтой. Тэгэхээр хэргийн тооноос гадна шүүгдэгчийн тоо шүүхийн ачаалалд нөлөөлдөг. Төсөл дэх зохицуулалтын үр дүнд эрүүгийн хэргийн танхимын шүүн таслах ажлын ачаалал 50 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа гэлээ. Дээрх тоо баримтууд авлигын нөхцөл байдлыг илэрхийлэхгүй гэдгийг шүүгч Б.Батцэрэн онцлоод “Албан тушаалаа урвуулж хөрөнгө завшсан хэргүүд шүүхийн практикт “өмчийн эсрэг хэрэг” буюу АТГ-ын мөрдөн шалгах харьяаллаас гадуур, гэмт хэрэг үйлдсэн газрын мөрдөх байгууллагууд шалгаж байна. Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийн шинжийг Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцад бүрэн нийцүүлэх, үүнтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий” гэдэг хариулт, мэдээллийг өгсөн.