Газар руу чиглэсэн ГАШУУН ШИЙДВЭР!

Нийслэлийн Засаг даргын томилгоог хийхээс өмнө Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хооронд нэгэн яриа өрнөсөн гэдэг л юм. Яриа гэхээсээ тохироо. Тэр нь “Хэрвээ хотын даргаар ажилласан тохиолдолд сонгууль угтсан байдлаар иргэдэд таалагдах шийдвэр гаргахгүй. Өөрт олгосон эрх үүргийн хүрээнд ажиллана. Тэр бүгд нь намын рейтингэд нөлөөлөх эсэхээс үл хамаарч өөрийнхөөрөө шийдвэр гаргана” гэдгийг хэлснээр Ерөнхий сайд хүлээн зөвшөөрчээ. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хооронд хийсэн тохироо нь ийм. Хожим энэ нь “Давс мэт гашуун шийдвэр гаргана” хэмээн хотын шинэ мэйрийн амнаас албажиж гарсан удаатай. Анхнандаа тэрбээр анхаарлын төвд явсан “Ногоон автобус”-ны асуудлыг цэгцлэх, нийслэлийн нийтийн тээвэрт чиглэсэн арга хэмжээ авч эхэлсэн бол энэ удаад бас нэгэн том нүүдлээ гэрэл цохиулав. Үндсэндээ ажлаа хүлээж авахдаа “Давс мэт гашуун шийдвэр гаргана” гэсэн Х.Нямбаатарын үг хот төлөвлөлтийн хамгийн эмзэг цэг болсон газар олголт руу буух нь. 

Үүнийгээ нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгджээ. Тэрбээр “30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна. Та хэдтэй нэгийгээ үзнэ. Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй. Нэр бүхий этгээдүүдэд бетонон ширэнгээ газраа тултал нь барьдаг шуналаа татаарай гэж хэлье. 

Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барьхаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барьна. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна.

“Их Монгол”, “Баян Монгол”, “Олимп”, “Элизабет”, “Кристал таун” зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. “Голден парк” гэж гамшиг болсон газар байна. “Алтай хотхон”-ы 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. “Кинг тауэр”-ыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз.

Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм. Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр надруу дайраад нэмэргүй шүү” гэжээ. 

Хотын даргын зориуд онцолсон “Голден парк”, “Кинг тауэр” нь “Эко констракшн”-ы барьсан орон сууцны хорооллууд. Компанийн захирал нь С.Нямдаваа. Санаж байгаа бол “Тэнгис” кинотеатрын бөөрөнд усан оргилуур барина гэж газрын зөвшөөрлөө гаргуулсан мөртлөө 20 давхар шилэн офиссын барилга сүндэрлүүлсэн сүйхэйтэй нэгэн. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс барилга дээрээс тулгуур төмөр тэнд явсан оюутны дээрээс унаж, харамсалтайгаар амиа алдсан ч хэрэг тэгсхийгээд намжсан, шил, толь болсон тансаг зэрэглэлийн барилга босдгоороо боссон. Уг нь усан оргилуур биш барилгын суурь сутгаж эхлэхэд нь холбогдох байгууллагаас нь хяналтаа тавьж, бүр зогсоосон бол оюутан залуу өнөөдөр амьд явах байлаа. 

Барилгын зөвшөөрлийг дамладаг, зориулалтыг нь өөрчилдөг компаниудад бодит сануулга болж, “бетонон ширэнгэ” хэмээн халаглаж сууцгаахгүй байв. Гэвч мэргэжлийн байгууллага нь ч, барилгын компаниуд нь ч хүнд чиглэсэн хот төлөвлөлт гэхээсээ хэсэгхэн хугацааны ашиг орлогодоо дулдуйдаж ирсний энгийн жишээ нь энэ. 

Эцэстээ хамаг бодлогыг зангидаж, шийдвэр гаргаж суугаа хотын захиргаа нь хүртэл сургууль, цэцэрлэгийн шинээр барих, төлөвлөлт хийх гэж тэднийг царайчилдаг болсон нь гашуун үнэн. Гэхдээ энэ бол гамшгийн хэмжээнд хүрсэн газар олголттой холбоотой ганцхан кэйс нь. Хүрээний бузрыг дэлгэвэл далай гэдэг шиг энэ бүхний ард хэний ашиг сонирхол, хэрхэн явж ирснийг ухвал олон ч албан тушаалтныг хөлдөө чирэх нь ойлгомжтой.

Гагцхүү ийм байдалтайгаа дасан зохицоод цааш явбал өнөөгийн хотдоо бүгдээрээ тэг зогсож, таг гацах эрсдэл үүссэнийг хотын дарга нь сая л хүлээн зөвшөөрч түрүүчээс нь хүчээр авахаа мэдэгдлээ. Аргаа барсан хэлбэр нь энэ байж болох ч үүнээс өөрт сонголтгүй үлдээсэн нь өнгөрсөн 20, 30 жилийн бодлогын алдаа, газар тойрсон авлига хэрхэн цэцэглэж, туйлдаа хүрсний бодит илрэл. Өөрөөр хэлбэл, “Голден парк”, “Кинг тауэр”-ээр дамжуулж “Эко констракшн” компани сануулга өгч буй Х.Нямбаатар даргын уг байр суурь хотын хэрсэн авлигын сүлжээг илчилж, илрүүлэх хөрс нь болох учиртай.

Энд “Засгийн газар хуулийн хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудалд зөвхөн дэмжлэг үзүүлэх биш шууд оролцож ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээх Ерөнхий сайдын үг ч хамаарна. Үндсэндээ газар руу чиглэсэн гашуун шийдвэр гаргахаа мэдэгдсэн хотын даргын энэ удаагийн үйлдэл Засгийн газраас, Ерөнхий сайдаас ч дэмжлэг хүлээх хамгийн өндөр магадлалтай. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар дамжуулж газар олголтод хамаарах асуудлаар “Нээлттэй сонсгол” зохион байгуулах эсэх нь цаг хугацааны асуудал болоод буй.

Г.Эрхэс