Ерөнхий сайдын давхар нүүдэл: Гурван улсын Ерөнхийлөгч Улаанбаатарт уулзах уу?

НҮБ-ын ногоон индэртэй дүйх хэмжээнд хүрэхгүй нь үнэн ч Монголын дипломат бодлогын амин сүнс болсон гадаад харилцаа “мода”-нд орж эхэлснээр дөрөв дэх онтойгоо золгов. Энэ хооронд дэлхийн улс төр, эдийн засгийн уур амьсгал нэн шинэхэн хуваарилалт бүхий шилжилтийн амаргүй үеийг даван туулж байна. БНХАУ-ын хаягтай цар тахлын шокноос дөнгөж амьсгаа авах цаг дор ОХУ-ын шошготой дайны нөлөө тэг дунд нь оршдог Монголд шууд мэдрэгдээд зогсохгүй бөмбөрцгийн улс орныг бүхэлд нь хөдөлгөөнд оруулсан нь саяхан. НҮБ-ын туган дор нэгдсэн 193 орноос их гүрний статустай явдаг хэдхэн улсыг төлөөлдөг ОХУ, БНХАУ хоёр бол Монголын хувьд мөнхийн хөрш. Төмөр болон авто замаар хиллэхээс өөрөөр далайд гарцгүй нь бидний бодит үнэн, бас зовлон нь.

Гэлээ гээд улсаа үүрээд нүүж чадахгүйгээс хойш урд, хойд хоёр мөнхийн хөрштэйгөө аль ч түвшинд найрсаг харилцаатай явах нь Монголд хэрэгтэй. Энэ нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоор илэрхийлэгддэг. Мөнхийн хоёр хөрштэйгөө ч, дэлхийтэй ч харилцахад эл үзэл баримтлал тулгуур багана болдог гэсэн үг. Ганц асуудал бий нь дотооддоо эв түнжинтэй, элдэв улстөржсөн агуулгагүйгээр аль ч шатандаа нэг амтай, нэг амьтай, нэг үзэл санаанд тулгуурласан үйлдэлтэй байх нь Монгол Улсын алтан аргамжийн хэлхээ тасралтгүй үргэлжилж, мөн өргөжих хөрс нь. Үндсэндээ гадагшаа чиглэсэн манай бодлого Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрынхаа түвшинд “амь нэг”-тэй болсон нь ОХУ-тай ч, БНХАУ-тай ч, бүр бусадтай нь ч адилхан харилцаатай яваагийн илрэл. Ийм нэгэн цаг үед Монголын Ерөнхий сайд Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ БНХАУ-ын “South China Morning Post” сонинд ярилцлага өгсөн нь саяхан нийтлэгджээ. 

Сонирхолтой нь, ОХУ, БНХАУ-ыг оролцуулсан олон улсын чуулга уулзалт хийхээр төлөвлөж буйгаа Ерөнхий сайд уг ярилцлагад дурдсан байна. Чуулга уулзалтаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлэхээр зорьж байгаа Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын асуудлыг хөндөж, хэлэлцэхээр төлөвлөснөө “South China Morning Post”-ын сэтгүүлчид ярьсан байна. Жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” төсөлд Орос, Хятадын талаас нарийвчилсан тохиргоогоо хийж дуусгасан тохиолдолд Монгол Улс нэгдэхэд бэлэн гэдгийг ч тэрбээр онцолжээ. 

Гурван улсыг хамарсан “Эдийн асгийн коридор” байгуулах асуудлын тухайд 2016 оны зургадугаар сард Ташкент хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар гарын үсэг зурснаар албажсан хөтөлбөр. Одоогоос найман жилийн өмнө, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед. Түүнээс хойш хоёр Ерөнхийлөгч, гурван ч Ерөнхий сайд, Засгийн газар солигдсон ч бодитоор хөдөлгөж, хөрөнгө оруулалт татсан нь үгүй. Угтаа бол гурван улс хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго. Гэвч гадаад, дотоодод үүссэн нөхцөл байдал, “Ковид”-ын цар тахал, ОХУ, Украины дайн зэрэг нь хөтөлбөрийг том зургаар нь хөдөлгөх боломжийг хэн хэнд нь олгоогүй. 

Харин Монгол Улсын санаачилгаар олон улсын чуулга уулзалт зохион байгуулах замаар хөтөлбөрийг тусгайлан хэлэлцэж, ахиц гаргах, бүр албан ёсоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухайгаа Засгийн газрын тэргүүн нь илэрхийлсэн нь маргаангүй энэ жилийн анхаарал татахуйц үйл явдлын нэг байх нь. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хөрш хоёр орны Төрийн тэргүүн нарт айлчлал хийх албан ёсны урилга өгсөн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. 

Эсрэгээрээ Ерөнхий сайдын хэлсэнчлэн ОХУ, БНХАУ-ыг оролцуулсан олон улсын чуулга уулзалтын гол дүр нь ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нар байх магадлал нь өндөр. Тийм бол Уфа, Душанбе, Ташкент, Бишкек зэрэг хотуудад зохион байгуулж ирсэн ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний арга хэмжээний үеэр болдог гурван улсын Төрийн тэргүүний уулзалт энэ удаад Улаанбаатарт болно гэсэн үг. Уулзалт бүрээр ярьдаг ч цаасан дээрээ л “хөдөлж” ирсэн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” өмнөхөөсөө илүү ажил хэрэгч түвшинд яригдаж, түрүүчээсээ бодит тусгалаа олох нь цаг хугацаа л харуулах нь!

 

Г.Эрхэс