Д.Сүнжид: Тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүй байна

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэхүү илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн үндсэн 7 бүлгийн хүрээнд боловсруулж, энэ хүрээнд нийт 54 саналыг Улсын Их Хуралд танилцуулсан байна.

“Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал” гэсэн эхний хоёр бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хуралдаанд танилцуулав. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын хүрээнд нэн тэргүүнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн нөхцөлд дүгнэлт хийхэд 30 орчим хууль, 200 орчим стандарт, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам байгаль орчны салбарт үйлчилдэг гэдгийг тогтоожээ. Энэ бүлгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлсон. Түүнчлэн агаар, хөрс болон усны бохирдол, Улаанбаатар хотын стандартын асуудал, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг тусгажээ. Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байгаа бөгөөд, агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байгаа юм байна. Хөрсний бохирдлын хувьд хог хаягдал, нүхэн жорлон зэрэг нь 60 гаруй төрлийн халдварт өвчний шалтгаан болж байгаа талаар танилцуулсан. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байгаа талаар, холбогдох төсвийг усны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцууладаггүйн улмаас хэрэгжилт хангалтгүй байгаа талаар илтгэлийн дээрх сэдвийн хүрээнд дурджээ. Энэ бүлгийн дотор “Хотын стандарт ба аюулгүй орчинд амьдрах эрхийн зарим асуудал” дэд сэдвээр судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад 6589 стандарт үйлчилж байгаа ч Хотын стандарт, хяналтын газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2023 оны байдлаар 305 сургуулиас 231, 241 хүүхдийн цэцэрлэгээс 131, нийт тоглоомын талбайн 80 хувь нь стандартын шаардлага хангаагүй байгаа гэлээ. Мөн 2023 оны байдлаар нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган замыг норм, дүрмийн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хавтан хагарч эвдэрсэн, стандартын шаардлага хангаагүй эрсдэлтэй нийт 1054 газарт зөрчил дутагдал илэрсэн нь нийт явган замын 77,9 хувь стандартад нийцээгүй байгааг харуулж байгаа бөгөөд энэ бүхэн нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил үүсгэх эрсдэл гэдгийг тэрбээр хэлж байв.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын хүрээнд нэн тэргүүнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн нөхцөлд дүгнэлт хийгээд Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 30 хууль, 200 эрх зүйн акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах; Засгийн газраас 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг цаг хугацааны мөчлөгтэй, оновчтой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой шалгуураар үнэлэх гэх зэрэг Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар 14 санал хүргүүлсэн байна.

Үргэлжлүүлэн Комиссын дарга Д.Сүнжид боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Боловсролын багц хуулийн 2023 оны цогц шинэчлэлтээр хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйн зарчимд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болсон. Ийнхүү Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа хэдий ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна гэв.

Боловсролын салбар технологийн үсрэнгүй хөгжил, дэлхий нийтийн цахим шилжилтэд нийцүүлэн цахим шилжилтүүдийг хийж байгаа боловч амьжиргааны түвшин, оршин суугаа газрын алслагдсан байршил зэргээс шалтгаалж компьютер, гар утас, дата интернэтийн төлбөргүй, интернэт холболтгүй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх, боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүйг онцгой анхаарах шаардлагатайг илтгэлд тэмдэглэжээ.

Бүх хүнд чанар, хүртээмжтэй боловсрол олгох нь улс орны Засгийн газрын нэн тэргүүний үүрэг бөгөөд энэ үүргээ боловсролын яам, орон нутгийн боловсролын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчинд оюутан, суралцагчийн аюулгүй байдлыг хангах, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчин бүрдэж, тодорхой стандартууд мөрдөгдөж байгаа хэдий ч стандартын шаардлага хангаагүй орчин нөхцөлтэй СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургууль олон байна гэлээ. Гадаад орчин, дотоод орчин, үйл ажиллагаанд тавигдах стандартын шаардлагын хэрэгжилт сургалтын байгууллагын байршил, өмчийн хэлбэрээс хамааран харилцан адилгүй байгаа аж. СӨББ, ЕБС-ийн бүлэг, анги дүүргэлт нийслэл, орон нутагт тогтоосон нормоос хэтэрсэн үзүүлэлттэй байна. Хүн амын төвлөрөлтөөс шалтгаалан сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн тоо аймаг, нийслэл, сум дүүрэгт харилцан адилгүй байгааг харгалзан үзэж шаардлагатай байршилд СӨББ, ЕБС барих, барилгын өргөтгөл хийх хэрэгтэй байгаа аж. Боловсролын сургалтын байгууллагын онцлог, суралцагчдын ялгаатай хэрэгцээнээс шалтгаалан СӨББ-д ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байршуулах, тоглоом, тоглоомын талбайн хүртээмж, аюулгүй байдлыг хангах, багш, ажилтнуудын тоог нэмэгдүүлж, багшийн хөгжлийг дэмжих шаардлагатай байна. Түүнчлэн, цэцэрлэгийн хоолны чанар, хүртээмж, нэр төрлийг олшруулж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотой нэмэгдүүлэх асуудлыг судалж бүх талын оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлбэл үр дүнтэй талаар салбарынхан дурджээ. Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, стандарт, хуулийн зохицуулалт, хяналт тавих механизм байхгүй байгаа нь хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор төрөөс онцгой анхаарах шаардлагатай байгаа гэжээ. Боловсролын салбарт үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт нь нийгмийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, эрүүгийн хэргийн  гаралт, хүүхдийн ирээдүйн хөдөлмөр эрхлэлт, орлогын байдал, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход ноцтой үр дагавар учруулахын зэрэгцээ эдийн засгийн үргүй зардлыг нэмэгдүүлдэг. Холбогдох хууль тогтоомжоор бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг хориглож, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр журам, чиглэл баталж, нэгдсэн удирдамжаар хангаж байгаа хэдий ч СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургуульд суралцагчдын эрх зөрчигдөж байна гэж үзжээ.

Боловсролын тухай багц хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох орчин, сурах бичгээр хангах, сургалтын хэрэглэгдэхүүн, багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгох, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын сургалтын хэл дохионы хэл байх зэрэг зохицуулалт орсон нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд бусад үе тэнгийнхэнтэй хамтдаа суралцах тэгш боломжийг олгосон зохицуулалт туссан. Гэвч бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад налуу зам, тусгайлсан бие засах өрөө, сургуулийн давхар хооронд зорчих шат зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай наад захын хэрэгцээ бүрэн хангагдаагүй, сургуулийн орчны хүртээмж хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг саад бэрхшээлийн талаар багш, ажилтнууд хангалттай мэдлэг ойлголтгүй, багш нарын арга зүй, чадвар харилцан адилгүй, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдээ сургахын төлөө хамтын ажиллагаа, уялдаа холбоо муу байна.

ЕБС-ийн хүний эрхийн агуулга туссан сурах бичигт хүний эрхийн суурь ойлголт, жендэрийн тэгш байдал, олон талт ялгаатай байдлын талаар агуулга хангалтгүй, хамран сургах тойргийн биш хүүхдийг сургуулиас шилжихийг шаардах тохиолдол цөөнгүй, өрхийн амьжиргааны түвшингөөс хамаарч ялангуяа хөвгүүд ажил, хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээх зэргээр сургууль завсардаж сурч боловсрох, хөгжих, нийгмийн хамгаалалд орох эрх нь зөрчигдөж байна.

Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хүүхдийн сурч боловсрох, хөгжих, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдсөөр байгаа талаар тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. 

Мэргэжлийн болон техникийн боловсролын салбар нь суралцах хугацаандаа онолын болон сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн дадлага ажлаар дамжуулан суралцагчдад мэдлэг, ур чадвар олгодог онцлогтой. Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос хамаарч сургалтын хэрэглэгдэхүүн, түүхий эд материал, бусад шаардлагатай зүйлс хэрэглэх шаардлага гардаг ч судалгаанд хамрагдсан суралцагчид бүрэн хангагдахгүй байна гэж үзсэн. Түүнчлэн, элсэлтийн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулах замаар төлөвлөх, суралцагчид тэтгэлэг олгох журмыг эргэн харж мэргэжлийн боловсролын салбарын онцлогтой уялдуулан дахин үнэлгээ хийх шаардлагатай болохыг Д.Сүнжид дарга танилцууллаа. 

Багш, ажилтнууд илүү цагаар ажиллах, албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил, үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт хангалтгүй, багшийн хөгжлийн төвгүйгээс ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломж бага, нийгмийн баталгаагаар бүрэн хангагдаж чадахгүй байгааг мөн дурдаж байв.

Дээд боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх, суралцагчдыг тэгш хамруулахад анхаарч, олгож байгаа тэтгэлэг, зээлийн эргэн төлөлтөд иргэдийн оролцоотой хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын орчин, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх; Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан журамлах, хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавих; Хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, хууль эрх зүйн орчныг бий болгох зэрэг 11 саналыг Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар боловсруулжээ.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн эхний хоёр бүлгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Комиссын дарга болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Үргэлжлүүлэн 23 дахь илтгэлийн гурав дахь бүлэг буюу “Хүүхдийн эрхийн зарим асуудлаар”-х мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулсан. Энэхүү илтгэлээр хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, бүртгэл, нөхцөл байдал, төрөөс үзүүлж буй халамж, үйлчилгээ, тулгамдаж буй асуудлыг хөнджээ.

Монгол Улсад 2022 оны байдлаар 0-18 насны нийт 1,282,373 хүүхэд бүртгэлтэй байгаагаас хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911 хүүхэд байна. Засаг даргын захирамжаар Асрамж халамжийн төвд 2019 онд 908, 2020 онд 904, 2021 онд 960, 2022 онд 964, 2023 онд 906 хүүхэд хүргэгдсэн байна. Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа аж.

Монгол Улсад нийгмийн эрсдэлт бүлэгт хамаардаг хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна хэмээн дүгнэжээ. Монгол Улсад асрамж халамжийн төвд амьдарч байгаа бүтэн өнчин хүүхэд төрийн хараа хяналтад байгаагаас бусад ах, дүү хамаатан садан, өвөө, эмээгийндээ амьдарч буй хүүхдүүд эсэн мэнд аж төрж байгаа эсэх, авах ёстой тэтгэвэр, тэтгэмж бүрэн гүйцэт авч байгаа эсэх, өөртөө зарцуулж байгаа эсэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульдаа хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих механизм хангалтгүй байна гэв. Хагас болон бүтэн өнчин хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилсон Засаг даргын захирамж харилцан адилгүй байх бөгөөд захирамжийн үндэслэл, ямар үндэслэлээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилж байгаа шалтгаан, хэрэв хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд өмч хөрөнгийн асуудал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой мэдээллийг захирамжид бүрэн тусгах шаардлагатай байна.

Харин эцэг, эх байх эрхийг шүүхийн шийдвэрээр хассаны улмаас хүүхэд хагас болон бүтэн өнчин болсон тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийн тэтгэвэр, хүүхдэд ногдох өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаад цаашид анхаарч ажиллах хэрэгтэй.

Төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдардаг хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэгт хамрагдалт болон МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг эсэхийг хянах боломжтой, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагддаг бол бусад ах, дүү, өвөө, эмээ, хамаатан садныдаа амьдардаг хагас болон бүтэн өнчин хүүхдийн хувьд нэгдсэн бүртгэл, мэдээлэл хангалтгүйгээс сурч байгаа эсхүл сургуульд завсардсан эсэхийг тодорхойлох, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд тогтмол хамрагддаг эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн их, дээд сургуульд хамрагдсан эсхүл төгссөн оюутнуудын статистик мэдээлэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэл байхгүйгээс хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаад дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Цаашлаад бүтэн өнчин хүүхэд их, дээд сургуульд сурах хугацаандаа сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх болон амьжиргааг дэмжих тэтгэлгийн олгох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

Хагас болон бүтэн өнчин хүүхэд бүр хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид бүрэн хамрагдаж байгаа эсэхэд нэгдсэн бүртгэлийг хийж, хэрэв хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэврээ авч чадахгүй байгаа бол нөхөн олгох нь зүйтэй байна. Мөн Нийгмийн халамжийн тухай хууль дахь тэжээгч нь нас барсан хүүхдэд сар бүр олгох нийгмийн халамжийн тэтгэвэр зохицуулалтын талаар, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг бүтэн өнчин хүүхэд бүрд олгох, үтэн өнчин хүүхэд асрамж халамжийн газраас гарах үед онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг ялгаварлалгүй олгох, тодорхой хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамруулах гэх мэтээр газар, орон байраар хангах зохицуулалтыг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Ийнхүү энэ хүрээнд 9 саналыг боловсруулан, холбогдох шийдвэрийг Улсын Их Хурал гаргах нь зүйтэй хэмээн илтгэлд дурдав.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн дөрөвдүгээр бүлэг буюу “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал” сэдвийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Энэ удаагийн илтгэлд анх удаа хуульд заасан 7 багц асуудлын хүрээнд тайлагнаж байгааг тэрбээр тэмдэглэв.