Баялгийн тэгш хуваарилалт ТЭГ гараанаас гарлаа

613,7 тэрбум. 27,2 их наяд. 20 жилийн зөрүүтэй Монгол Улсын нэгдсэн төсвийн хэмжээ нь ийм. 2004 бас 2024 оных. Өмнөх нь Н.Энхбаярын Засгийн газрынх, одоогийнх нь Л.Оюун-Эрдэнийх. Төсвийн тэлэлт, тоон дүнг нь мэдээж харьцуулах боломжгүй өсөлт. Бараг 40 дахин өссөн үзүүлэлт. Тэгэх нь ч аргагүй. Цалин, тэтгэврээ тавиад ч төсөвт төвлөрүүлэх орлого нь сох дутдаг байсан нь 2004 он. Ганц жин дардаг нь “Эрдэнэт” үйлдвэр гэж байлаа. Гэхдээ л улстөрчид, албан тушаалтнууд нь өөр өөрийн төлөөний бизнестэй, түүнийгээ “Эрдэнэт”-д эргэлдүүлж бас шахдаг үе. Нэмээд 49 хувь нь ОХУ-ын Засгийн газрын өмчлөлтэй. Олж буй нэг төгрөг болгоны 49 мөнгө нь хойд хөрш рүү шингэдэг байсан хэрэг. 

Үүнтэй харьцуулахад өнөөгийн цаг үе өөр. Өнгөрсөнд 49 хувь нь ОХУ-ын мэдэлд явсан “Эрдэнэт” 100 хувь Монголынх болов. Түүнтэй дүйх хэмжээнд явсан Оюу Толгойн Гүний уурхайг ашиглалтад оруулснаар ойрын хугацаанд дэлхийд эхний тавд бичигдэх хэмжээний зэс олборлох том хүлээлт Ханбогд суманд бий боллоо. Зэргэлдээх Цогтцэцийд 6.4 тэрбум тн-нын нөөцтэй эрчим хүчний болон коксжих нүүрсний орд бүхий Тавантолгой үйл ажиллагаа явуулж байна. Үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, төсвийн бүрдүүлэлтэд ганц “Эрдэнэт”-ээс “амь зуудаг” байсан цаг ард үлдэж, Оюу Толгой, Тавантолгой тэргүүтэй стратегийн томоохон ордуудаас хамаарах солонгорсон эдийн засаг руу шилжив.

Гагцхүү олсноо хуримтлуулахгүйгээр бэлэн мөнгө хэлбэрээр тараадаг, тэрийгээ олохын тулд ирээдүйгээсээ олборлох нүүрсээ барьцаалах замаар байгаа орд газраа бүхэлд нь “ломбардчихдаг” гэм, гашуун сургамж нь аль эртнийх, 2012 оных. Ганц “Чалко”-д тавьсан 350 сая ам.долларын зээлийг төлөх гэж “Эрдэнэс Тавантолгой” компани таван жилийн турш өрийн дөнгөнөөс өндийгөөгүй нь үүний бэлээхэн жишээ, бодит сургамж нь. Алдаагаа давтах нь ахиад 10 байтугай жилийн хөгжлийг хойш чангаах эрсдэлтэй учраас нүүрс, зэсийн экспортын орлогоос татвар хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх хэдийгээ хуримтлуулж, хураах нь өнөөгийн Монголд хэрэгтэй, ирээдүйд дэмтэй. 

Яг ийм агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлснийг хэлэлцэж, баталсан нь хаврын улс төрийн хамгийн том бөгөөд чухал үйл явдал болж түүхэнд үлдэх нь. Гэдгийг одоо тайлбарлая. Монголын эдийн засаг 17 хувийн өсөлтийг зааж, хөрөнгө оруулагчдыг хуйлруулж явсан нь 2011-2012 он. Чухамдаа энэ үеэс уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн тэлэлттэй зэрэгцүүлж Баялгийн сан гэсэн ойлголтыг нэгмөр хуульчилж, хуримтлал үүсгэсэн бол өнөөдөр хэдэн арван их наядаар хэмжигдэх хөрөнгө төвлөрөх байсныг таашгүй. Зөвхөн экспортын төмөр замын гацаанаас үүдэлтэй алдагдсан боломжийн өртөг нь 80 их наяд гэж тооцвол хамгийн багадаа 2024 оны төсөвтэй тэнцэхүйц хэмжээний буюу 27 их наядыг төвлөрүүлэхэд 10 жил гэдэг хангалттай хугацаа. 

Гэвч сонгуулийн амлалтад дөрөөлсөн бэлэн мөнгө тараалтын уршгаар Баялгийн сан байгуулах нь байтугай олсон хэдийгээ өр төлбөр барагдуулахад зарцуулсны горыг нэг хэсэг нь бус нийтээрээ амссан нь саяхан, ердөө хэдэн жилийн өмнөхөн. Цаг цагаараа байдаггүй ч улс төрд түүх давтагддаг нь үнэн гэгчээр  Оюу Толгой дахь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлж, Тавантолгойг өрийн дөнгөнөөс нь гаргаж, үйл ажиллагаа нь жигдрэхтэй зэрэгцүүлэн Үндэсний баялгийн санг хуульчлуулж чадсан нь магад энэ Засгийн газар, Ерөнхий сайдын гавьяа болж түүхэнд үлдэх нь.

Үндсэндээ Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2012 оны “супер цикл”-д дүйж очихгүй нь мэдээжийн хэрэг ч гадаад тавцанд Оюу Толгой хөрөнгө оруулагч талтай ам, хэлээ ололцож, дотооддоо “Эрдэнэс Тавантолгой”-н засаглалыг улстөрчдийн савраас салгаж, голдирлоор нь явуулж эхэлсэн энэ цаг үед Баялгийн санг бүрэн зураглалаар нь хөгжүүлэхээр болж буй нь тэгш хуваарилалтыг ТЭГ гараанаас гаргаж байгаатай агаар нэг юм.

Ерөнхий сайд ч хэлсэн байна лээ, “Баялаг, эдийн засаг хүртээмжтэй байх суурь зарчмаа баталж байна гэсэн үг. Хэдийгээр хуудасны хувьд нимгэн ч агуулгын хувьд маш том. Ирээдүйн өв сан бол үржүүлэхийн хүрд байх эрх энэ хууль батлагдсанаар нээгдэж байна. Мөн зөвхөн валютаар хадгалагдана. Тиймээс валютын нөөцийг дахиад нэмэгдүүлэх том болж гарч ирнэ. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн суурь зарчимд тулгуурлан боловсруулсан. Эх үүсвэр үнэтэй байсан учраас орон сууцны хөтөлбөр сайн болж чадаагүй. Одоо бол жилд дунджаар 500-70 тэрбумыг орон сууцжуулалт руу хийх боломжтой. Эрүүл мэнд боловсролын салбарыг шийдэх боломжтой. Уул уурхайн салбарын ил тод байдал хангагдана. Нэг гэр бүл стратегийн ордыг ашиглаад явах боломж энэ хуулиар хаагдаж байна. Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хүртэлх хувийн татвар төлнө. Бусад оронд энэ нь 80 хүртэлх байдаг” гэжээ. 

Ерөнхий сайдын хэлдэг ортой. Мэдээлэлд ойр байдлаа ашиглаж стратегийн ач холбогдол бүхий ордод тусгай зөвшөөрөл эзэмших нэрийн дор эзэн суусан, эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр хав дардаг, эсвэл бусдад дамлаж зарсан тохиолдолд Монголд цөөнгүй. Төр хувь эзэмших замаар түмэнд хүртээмжтэй болгох асуудлыг хөндөхөөр хэдэн зуун сая ам.доллар нэхээд шүүхэд өгчихдөг нь ч бий. Гэр бүлээрээ эзэмшдэг стратегийн ордыг 100 хувь өөрийн мэдэлд авах гэж УИХ-д нэрээ дэвшүүлдэг, сонгогдсоныхоо дараа үндсэн зорилгоо биелүүлсэн нь ч бас байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга л хэлсэн болохоос Монголын байгалийн баялаг “30 гэр бүл”-ийн мэдэлд байна гэдэг шүүмжлэл тийм ч оргүй хоосон, худлаа үг биш ээ!

Үндсэн хуульд зааснаар байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байхаар заасан. Үүгээр стратегийн орд газраар бүртгэсэн 16 ордод эзлэх Төрийн хувь эзэмшлээр дамжуулан иргэд, олон нийт ногдол ашиг хүртэж байх учиртай юм, уг зүй тогтлоороо. Гэтэл тэдгээр 16 ордын ердөө долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд явдаг тухай Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны индрээс зүгээр ч нэг хэлчихээгүй нь тодорхой. Стратегийн орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа нь үнэн л юм бол дорж хаяж 34 хувийг нь Төрийн мэдэлд шилжүүлж, тэндээс төвлөрүүлэх орлогыг Хуримтлалын сан руу оруулах ёстой гэсэн боловсон сануулга юм.

Ямар ч байсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аас баталснаар стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин бүрдэхээр болж байна. Үүнийг дагаад уул уурхайн баялагт эзэн суусан гэх өнөөх алдарт “30 гэр бүл”-ийн эрх ашгийн хамтрал, хамгаалалтыг задалж, нийтээрээ, улсаараа хуримтлалтай болох эхлэлийг тавих эрх зүйн орчин бий болно.

Гэдэг нь эдийн засгийн утгаараа хамгийн багадаа 34 хүртэлх хувь нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд очиж, ард түмэнд эзэмшүүлэх замаар Хуримталлын санг хөрөнгөжүүлэх учиртай стратегийн ач холбогдол бүхий ор тас мартагдсан статустай есөн ордыг хүссэн ч, эс хүссэн ч хэсэг бүлэг хүний халааснаас гаргах нь. Энэ хэрээр төдий хэмжээний ордыг стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг ингэж ил болгож, илчилж таарна. Ганц асуудал бий нь эл хуулийн үйлчлэлийг эсэргүүцэх, ил, далд ашиг сонирхлын зөрчилтэй яваа, энэ парламентад ч өөрсдийн төлөөлөл бүхий товчлууртай хэсгээс Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргаж, Хуримтлалын санг хүчгүйдэл лобби хийх эсэхийг цаг хугацаа л харуулна. Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн заалт өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь үнэн л юм бол тэдгээр хэдхэн гэр бүлийн ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэрийг Цэц гүйцэлдүүлэхгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг нийт ард түмнийх нь үү? эсвэл газрын хэвлий дэх баялгийг сорчилж эзэн суусан хэдхэн гэр бүл үү? гэдгийг харах л үлдэж байна. Юу үнэн энэ л үнэн!

Г.Эрхэс