Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын ХАМТРАЛ эхэллээ!

Ердөө жил гаруйн өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болгож, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлсэн шинэ УИХ-ын намрын ээлжит чуулган албан ёсоор хөшгөө нээлээ. Парламент нь тав, Засгийн газар нь гурван намын төлөөлөл бүхий энэ удаагийн чуулганы хамгийн онцлох бас анхаарлын төвд байх сэдэв нь мэдээж 2025 оны Төсөв. Засгийн “гал тогоо”-г зангидаж явсан Д.Амарбаясгалан ч 126 гишүүнтэй анхны парламентын спикерийн хувиар УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин нарт хандан ирэх 2025 оны төсөв ирэх дөрвөн жилийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлно гэдгийг чуулганы индрээс мэдэгдэв.

Үргэлжлүүлэн Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд чиглэснийг онцлоно лээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ч ирэх оны төсвийг 14 мега төслийг хэрэгжүүлж, хууль эрх зүйн 14 реформ хийх үндсэн зорилготой гэдгийг хэлж буй. Сонирхолтой нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн байр суурь, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн кабинетын 2025 онд баримтлах гол бодлогод хэд хэдэн ижил агуулга хөндөгдсөнийг одоо сийрүүлье. 

Нэгдүгээрт, тэд хоёулаа хувийн хэвшил, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтлахаа илэрхийлэв. УИХ-ын даргын зүгээс “Нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, Төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна” гэсэн бол Ерөнхий сайдын хувьд татварын бодлогын шинэчлэл хийхээ мэдэгдлээ. 

Хоёрдугаарт, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэх, ажил хэрэгч, үр бүтээлтэй хамтран ажиллахыг Төрийн бүх шатны байгууллагад парламентын спикер уриалсан бол Засгийн газрын түвшинд компанийн засаглалыг сайжруулж, шинэ түвшинд авчрах хууль эрхзүйн шинэчлэл хийх нь Засгийн газрын нэн тэргүүний ажил байх бололтой.

Гуравдугаарх нь эдийн засагтай холбогдоно. Энэ Засгийн ирэх жилүүдэд хийх шинэчлэлийн бодлого МАН, АН, ХҮН гэсэн гурван нам хамтарч танхимаа эмхлэх үеэс тодорхой болсон нь эрчим хүчний салбарын шинэчлэл, үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Ингэхийн тулд “Хуримтлалын сан”-гаа арвижуулах зүй ёсны шаардлага тулгарсан нь түрүүчээсээ ажил хэрэг болж, стратегийн орд газруудтай холбоотой УИХ-Ын 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар үргэлжилж буй.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээлтийн үгэнд “Өргөн мэдүүлсэн, санаачилж батлуулсан хуулиудын нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, чанар, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшилтэд хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон” хэмээх өгүүлбэр багтсан нь цаашид хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хооронд ямар нэгэн үл ойлголцол гарахгүй гэдэгтэй агаар нэг байр суурь байв. Өөрөөр хэлбэл, аливаа хуулийн төслийн ач холбогдол, нийгэмд үзүүлэх үр дүнг бодитоор дүгнэдэг, Төрийн залгамж халааг үргэлжлүүлэх нь шинэ парламентын үндсэн зорилго байхыг УИХ-ын дарга мэдэгдсэн нь энэ.

Эндээс нь намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт, эрэмбэтэй яваа 2025 оны Төсвийн тухай хуулийг хэрхэн хэлэлцэж, батлахаас шалтгаалж энэ парламент, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хамтралын газрын зураг тодорхой болох нь. Лав л хувийн хэвшлийг дэмжсэн бодлого барих, эдийн засаг дахь Төрийн оролцоог хумих, татварын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар санал нэгдэж буй нь дотоодын улс төр, тэр дундаа бизнес эрхлэгчдэд төдийгүй гадаад тавцанд маргаангүй эерэг мессеж. 

Эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрөө урагшлуулж, хөдөлгөх нь өнөөгийн Монгол Улсын хөгжилд хэрэгтэй юу, хамгийн хэрэгтэй. Гагцхүү УИХ-ын дарга нь УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайд нарын өмнө нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халахаа хэлсэн нь нэг талаар Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “5Ш ажиллагаа”, “Хуримтлалын сан”-гийн эх үүсвэр, хүртээмжийг бодитой болгох, ерөөс өнгөрсөн 30 жилд бий болсон тогтолцооны гажуудлыг засч, сайжруулах чиглэлээр Ерөнхий сайдыг дэмжих ажиллахаа илэрхийлсэн агуулга байв. Үндсэндээ хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын түвшинд хууль, эрх зүйн томоохон реформын суурийг тавих Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын ХАМТРАЛ ийнхүү эхэллээ! 

Засгийн газраасаа өргөн мэдүүлсэн төслийг УИХ-ын дарга нь гишүүдтэйгээ нийлж байгаад гацааж, унагаадаг, сайд нарыг нь огцруулна гэж шахалт үзүүлдэг дотоодын улс төр том төслүүдийн тушаа болж ирсэн нь өнгөрснөөс бидэнд үлдсэн гашуун сургамж. Үүнийг халахаа, Төрийн залгамж халааг үргэлжлүүлэхээ аль, аль түвшинд хүлээн зөвшөөрсөн намрын ээлжит чуулганаас үлдэх маргаангүй том шинэчлэл юм. Юу үнэн энэ л үнэн!

Г.Эрхэс