ЖДҮ-ийн зээлийг Хаан, Хас, Төрийн банкнаас авна

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх төслийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. 17.30 цаг хүртэл үргэлжилж, бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Энэ сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирсэн байна. Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн байна.

14 хоногт гэмт хэргийн 21.218 дуудлага бүртгэгджээ

“Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21.218 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 210 нэгж буюу 1.0 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргүүд тодорхой хувиар буусан. Мөн энэ хугацаанд нийслэлд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг 19 зуслангийн үйл ажиллагааг шалган, зааварчилж дүгнэлт өгч, найман газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг энэ оны долоодугаар сард тооцохоор ажиллаж байна” гэж нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж танилцууллаа.

Хятадын иргэд 6000 гаруй шил архийг хилээр гаргах гэж байгаад баригджээ

БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

ЭЕШ өгөх сурагчдын суудлын хувиар гарчээ

Боловсролын үнэлгээний төвийн шалгалтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон байна. Түүнчлэн сурагчид суудлынхаа хуваарийг хэвлэж авахад бэлэн болжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын дагуу зургадугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагт шалгалтын бүх мэдээлэл нийтэд зарлагдана.

200 гаруй таксины жолооч жуулчидтай хэрхэн соёлтой харьцах тухай номын дуу сонсчээ

сургалтад такси үйлчилгээ эрхэлдэг компаниудын 200 жолооч, жуулчидтай харилцдаг төрийн байгууллагуудын нийт 400 гаруй албан хаагчийг хамруулж, зочлох үйлчилгээний харилцаа, хандлага болон мэндчилэх ёс, биеийн болон нүдэн харилцаа, дуу хоолойны өнгө, бусдыг сонсох, асуулт асуух, хариулт өгөх, бэрхшээлийг даван туулах, стрессийг тайлах зэрэг сэдвийг хөндлөө.

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг цахимаар бүртгэж эхэлнэ

Улаанбаатар хотод Буянт-Ухаа 2 хороололд 972, Орхон, Хөсвгөл, Говь-Алтай аймагт 570 айлын орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьж, ашиглалтад оруулсан.

Триатлоны улсын аварга Архангай аймгийн Өгийнуурт болно

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно. Тус тэмцээн элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болох бөгөөд тамирчдын мэдүүлгийг Монголын триатлоны холбоонд долдугаар сарын 24 хүртэл авах юм байна. Мөн багийн холимог буухиа, сонирхогчдын try-tri уралдааны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлийн ялагч тодруулна. Тэмцээнд гадаад тамирчид оролцох боломжтой.

Төмөр замын бүтээн байгуултад оролцох иргэдийг бүртгэнэ

Төмөр замын бүтээн байгуулалтад иргэдийг оролцуулахаар болж, нийт 16 чиглэлийн мэргэжлээр иргэдийг бүртгэх гэнэ. Бүртгэл ирэх даваа гаригаас эхлэх бөгөөд дүүргүүдийн цэргийн штабт энэ сарын 15-ныг хүртэл явагдах аж. Ажиллахыг хүссэн иргэдийн хувьд нас харгалзахгүй юм байна. Харин мэргэжлийн диплом, гэрчилгээтэй байхаас гадна эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэнэ.

Хоёр настай хүү нүхэн жорлонд унаж амь насаа алджээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багын нутагт оршин суух иргэн О-гийн хоёр настай хүүхэд дөрвөн метрийн нүхэн жорлонд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэрэг өчигдөр гарсан бөгөөд Онцгой байдлын газарт 11.53 цагт дуудлага ирж, яаралтай очиж тусламж үзүүлсэн ч амьсгал хураасан байжээ. Одоогоор тус хэргийг Цагдаагийн газраас шалгаж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүдийн хараа хяналт, хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд золгүй байдлаар амь насаа алдах хэрэг ар араасаа гарсаар байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах шаардлагатай байгаа юм.

Машин онхолдож гурван хүүхэд гэмтжээ

Булган аймгийн Бугат суманд Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20“ загварын суудлын автомашин өчигдөр шөнийн 23.00 цагийн үед онхолджээ. Тус машинд 4,10,15,30 насны хүмүүс сууж явсан байна. Тэднийг автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Зорчигчид хөнгөн бэртэл ихтэй учир нарийн шинжилгээнд хамруулахаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.