Л.Оюун-Эрдэнийн ӨНГӨРСӨН ба ӨНӨӨДӨР

Л.Оюун-Эрдэнэ бол Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд. Албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлсэн он тоолол нь 2021 оны нэгдүгээр сарын 27. Сайд нараа томилж, анхны танхимаа бүрдүүлсэн нь үүнээс гурав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 30. Ийн тодотгохын учир нь 32 дахь Ерөнхий сайд, өнөөгийн 33 дахь гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр угтаа Л.Оюун-Эрдэнэ хэмээх нэг хүн ч цаг хугацаа, үйл явдал, улс төрийн уур амьсгал тэс ондоо, өдөр шөнө шиг зөрүүтэй. 

Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн Засгийн газрын буурин дээр кабинетаа эмхэлсэн. Дан, давхар дээлтэй зарим сайдыг сэлгэн томилсон ч 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны гол агуулга нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үеэс боловсруулж, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн цөм байсан хэрэг. Сангийн, Хууль зүй тэргүүтэй үндсэн чиглэлийн яамдын сайдууд ч танхимдаа улирсан нь Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ У.Хүрэлсүхийн бодлогыг “өв залгамжлах” хэлбэрээр хэрэгжүүлсэн гэсэн үг. Хоёрдугаарт, “Ковид”-ын цар тахлын хөл хорио, хилийн хоригтой зэрэгцээд ОХУ, Украины дайнаас үүдэлтэй геополитикийн дахин хуваарилалтаас үүдэлтэй амаргүй цаг үед “Шинэ сэргэлтийн бодлого” батлуулсан, Оюу Толгойн гүний уурхайг ашиглалт оруулсан, боомтуудын боймыг түрүүчээс нь тайлсан, танхимын бүрэлдэхүүнээ 50 хувь хүртэл дахин шинэчилсэн, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай тэмцсэн зэргээр Л.Оюун-Эрдэнийн авторлох бодлогын шинжтэй томоохон рефом бий юу гэвэл бий.

Гэхдээ мөрийн хөтөлбөр бол мөрийн хөтөлбөр. Намын бодлого бол намын л бодлого. Цагаан дээр хараар юу гэж бичсэн түүнийг нь УИХ-аар хэлэлцэж баталсан бол хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Тэр тусмаа МАН шиг улс төрийн хүчинд энэ нь хамгийн хамаатай. Тэгэхээр 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааны дийлэнх хувь нь өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн зорилтыг хангахад, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж хэлж болохоор.

Харин Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдын хувьд бол мэдээж өөр. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд 126 гишүүнтэй анхны парламентаас томилгоотой Засгийн тэргүүн. Дан ганц аймаг, нийслэл гэсэн уламжлалт арга барил бус 13 тойрог бүхий бүсчилсэн тогтолцоо бүхий сонгуульд багаа удирдан оролцож ялалт байгуулсан намын дарга нь Л.Оюун-Эрдэнэ. 1992 оноос хойш МАН, АН эсвэл гуравдагч хүчний багахан орон зайтай явсан Монголын парламент таван нам, эвслийн төлөөллөөс бүрдэж солонгорлоо. Бодит үр дүн мөн үү мэдээж тийм.

Үндсэндээ 2021-2024 онд У.Хүрэлсүхийн үлдээсэн legacy-д “хөтлөгдөж” явсан Л.Оюун-Эрдэнэ өөрийн гардаж эхлүүлсэн тогтолцооны реформыг гардаж хэрэгжүүлэх 126 гишүүнтэй парламентаас томилогдсон Ерөнхий сайд. Тиймдээ ч тэр анхнаасаа өөрийнхөөрөө зүтгэсэн. УИХ-д суудалтай АН, ХҮН-тай гэрээ байгуулж, Хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Араас нь 14 мега төслийг хөдөлгөж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх бодит боломж бийг мэдэгдэв. 

Ерөнхий сайдын хэлснээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар төмөр зам, эрчим хүч тэргүүтэй 14 мега төслийг 2026 он гэхэд бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт очих нь тийм ч холын мөрөөдөл биш. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын “Чайна Энержи”-тэй, ураны Хөрөнгө оруулалтын гэрээг Францын “Орано майнинг”-тай тус тус гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол Улс олон жилийн турш гацсан хоёр ч мега төслөө эдийн засгийн эргэлтэд оруулахаар болов. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны төслийг Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон бол хил холболтын төмөр замыг ирэх хаврын чуулганаар соёрхон батлах хүлээлт бий.

Хуваарь ёсоор хаврын чуулган нээхтэй зэрэгцэн “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын гэрээг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх нь тодорхой. Өргөн, нарийн цариг тойрсон дотоодын толхилцоон, гарын арван хуруунд багтах Баяннуур аймгийн хэдэн компанийн эрх ашгаас үүдэлтэй олон жил зогсонги байдалтай эл төслийг Ерөнхий сайдын урд хөршид олон удаагийн давтамжтай албан болон ажлын айлчлалын үеэр эцэслэсэн учраас энэ парламентын гишүүд нааштай хандах болов уу. 

Гээд харвал хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлж буй энэ цаг үе нь Л.Оюун-Эрдэнэд олдох хамгийн том магадгүй алдаж болохгүй алтан боломж байж мэднэ. Хатуухан хэлэхэд тэр өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мөрийн хөтөлбөрийг улс төрийн луужингаа болгож асан бол энэ удаад өрөөлийн биш өөрийнхөө бодож, төлөвлөж, боловсруулсан шийдлийг бодит ажил болгоход улс төрийн манлайлал үзүүлэх хүн болов. Эргээд бүх хариуцлага бусдад нь биш өөрт нь хаяглаж ирэхийг сайн мэдэх хүн нь бас л Л.Оюун-Эрдэнэ юм. Үндсэндээ тэр 32 дахь Ерөнхий сайдын хувиар биш 33 дахь гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдгээрээ алдах, алдаа гаргах эрх өнөөдрийн түүнд байхгүй!

Г.Эрхэс