Петр Павел: ОХУ. БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө хамтран ажиллах нь чухал
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд өгсөн мэдээллээс хүргэж байна.
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТР ПАВЕЛ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Хэвлэлийн төлөөлөгчид өө,
Монгол Улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол ч гэсэн бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Ирэх сард бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо хамтран тэмдэглэнэ. 1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн байдаг. Хэдийгээр 75 жил гэж байгаа ч 100 жилийн гүн харилцаатай. 1923 онд тухайн үеийн Чехийн тусламжтайгаар шар айрагны үйлдвэр байгуулж байсан түүхтэй.
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой, хамтарч байсан туршлага ч бий.
Ялангуяа 1950-иад оноос монгол залуус Чех Улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа.
Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг монголчууд нөхөж байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн байна.
Төрийн айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулна. Олон аж ахуйн нэгж холбоо тогтоож, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.
ОХУ. БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа, хамтын ажиллагааг Чехийн Ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно.



