Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
Б.Дэлгэрсайхан: Xил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ
“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан.
Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос, Хятад багтаж буй юм байна. Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан. Тус зарчмуудын зорилго нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах үндэс суурийг бий болгожээ. Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэв.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Тэрбээр, "Транс- Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр "-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 04 дугээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дээрх хэлэлцээр хэрэгжих тохиолдолд эдийн засгийн симуляцыг тодорхой хийх, эдийн засгийн эргэлтийг түргэтгэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа шинжилгээ, хэрэгжих тодорхой үечлэл, хугацааны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат транзит тээврийн үнэ өртгийн талаар, зорчигч тээврийн болон ачаа тээвэрлэлтийн хугацааг нарийн баримтлах талаар, төмөр замд хэчнээн ажилтан, албан хаагчид ажилладаг талаар тодруулан асууж, хариулт авлаа.




