Аюулгүй байдлын бас нэгэн ДААТГАЛ!

ОХУ, БНХАУ гэсэн хоёр аварга гүрний дунд орших 3,6-хан сая хүн амтай Монгол Улсын хувьд тусгаар тогтнол гэдэг зөвхөн хилийн багана, цэргийн жагсаалаар хэмжигддэг цаг ард хоцорсон. Хуучин нийгэм, ардчиллын он жилүүдэд нийгмийн, нийтийн ой тоонд төмөр замаар танк орж ирнэ гэсэн пропаганда хийдэг үе ч нэгэнт хуучирсан.

Эсрэгээрээ тусгаар тогтнолын хамгийн бодит, хамгийн найдвартай баталгаа нь олон улсын эдийн засгийн харилцан хамаарал, тэр дундаа дэлхийн томоохон гүрнүүдийн эдийн засгийн сонирхол болов.

Яг энэ үзүүлэлтээр ардчилсан Монголд анхны хөрөнгө оруулалтаа хийсэн нь Англи, Австралийн үндэстэн дамнасан Рио Тинто группын Оюу Толгойд хийсэн хөрөнгө оруулалт. Олон ч улстөрчийн өгсөх шат болж, Засгийн газрын огцрох, тэсч үлдэх босго болсон эл төсөл шинэ Монголын түүхэн дэх хамгийн аварга төсөл мөн үү гэвэл мөн. Үүнтэй хэн ч маргахгүй.

Залгуулаад Францын “Орано” групптэй уран олборлох гэрээг эцэслэн байгуулсан нь Оюу Толгойгоос хойшхи хоёр дахь том төсөл болсон. Үндсэндээ Оюу Толгойгоор дамжуулан Англи, Австралийн ашиг сонирхол хөндөгдөж явсан манайд “Орано” групп орж ирснээс Франц гэсэн бас нэгэн улсын хөрөнгө оруулалт эдийн засагт жин дарж эхэлсэн нь энэ. Дотооддоо газрын тос нэрэх мега төсөл дээр гэхэд Энэтхэгийн хөрөнгө оруулалт яваа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухайд урд хөршийн оролцоотой.

Өөрөөр хэлбэл, зэс, алт, уран, эрчим хүч тэргүүтэй улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой стратегийн төсөлд өнөөдрийн байдлаар Англи, Австрали, Франц, БНХАУ, Энэтхэг тэргүүтэй орны эрх ашиг, хөрөнгө оруулалт давамгайлж байна. Тэр хэрээрээ эдийн засагт үзүүлэх нөлөөллөөрөө эдгээр орны эрх ашиг хөндөгдөж, бас аюулгүй байдал талаасаа Монголын даатгал болж байна гэсэн үг. 

Сонирхолтой нь, эл аварга төслүүдийн жагсаалтад агуулга талаасаа баяжсан нь Японы ЖАЙКА-гийн 158,3 тэрбум иенийн хөгжлийн санхүүлжилт байв. Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан нь зөвхөн эдийн засгийн өсөлт биш тусгаар тогтнол талаасаа бас нэгэн “хамгаалалтын бамбай”-г дэлхийн түвшинд бэхжүүлсэн гэсэн үг.

Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулахаа хуульчилсны хувьд “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой стратегийн ач холбогдолтой төслүүддээ хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсад хэрэгтэй юу гэвэл мэдээж тийм. Ирээдүйгээ харсан ч, эрх ашгаа бодсон ч “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт хамгийн хэрэгтэй. 

Нэг үгээр дипломат уулзалт, найрсаг харилцааны тунхаг бичиг гэхээсээ түүнийгээ эдийн засгийн бодит ашиг сонирхлоор баталгаажуулахыг дэлхийн улс төрийн уур амьсгал, геополитикийн нөхцөл байдал биднээс шаардаж эхэлсэн.

Жишээ нь, Францын Төрийн өмчит "Орано" групп өмнийн говьд уран олборлоод эхэлбэл, Монгол Улсын аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдал зөвхөн манай асуудал биш, Цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, цаашлаад Европын Холбооны стратегийн ашиг сонирхол болж хувирна. Жижиг улсын хувьд дэлхийн супер тоглогчдоор өөрийгөө хамгаалуулах хамгийн ухаалаг дипломат нүүдлээс өөрцгүй.

Үүн шиг эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэтэй Японоос хөгжлийн зээл авах замаар олон улсын нисэх буудлынхаа хүчин чадлыг 3,2 дахин нэмэгдүүлэх нь Монгол Улсад хэрэгтэй. 

Нөгөө талаас Монгол Улсын гадаад худалдааны 90 гаруй хувь нь ганцхан улсаас, шатахууны 90 гаруй хувь нь нөгөө орноос хамааралтай, үндсэндээ өөр гарцгүй манайд “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт орж ирэх нь эдийн засгийн бүх өндгөө нэг сагсанд хийхгүй байх цорын ганц зам юм.

Учир нь, том хөрөнгө оруулалтын үр дүн нь томоор л хэмжигддэг. Тэр бүгд нь дэлхийн хэмжээний стандарт, ил тод байдал Монголын хөрсөнд бууна, бас ой тоонд сууна. 

Ямартай ч, Ерөнхий сайд Н.Учралын албан ёсны анхны айлчлалаар ээлжит нэгэн стратегийн хөрөнгө оруулалтаа Японоос авах нь.  Үр дүнд нь хоёр их гүрний дунд оршдог Монгол Улс өөрсдийгөө тусгаарлах бус дэлхий дахинд улам бүр нээлттэй болж буйгаа ийн зарлалаа. 

Хөрөнгө оруулалтын томоохон гэрээ хэлцлүүд амжилттай урагшлах бүрд Монгол Улс дэлхийн эдийн засагт өөрийн байр суурийг бататгаж, тусгаар тогтнолоо эдийн засгийн дархлаагаар хамгаална аа гэсэн үг.

Эцсийн дүндээ мега төслүүд бол зөвхөн өнөөдрийн ашиг орлого, ажлын байр биш, маргаашийн Монгол Улсын аюулгүй байдлын хамгийн хүчтэй баталгаа, хэн ч нурааж зүрхлэхгүй геополитикийн "хэрэм" болох учиртай.

Г.Эрхэс