Мега төслүүдийг хэрэгжүүлэх "маршрут"

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой 14 мега төслийг эрэмбэлж, түрүүчээс нь хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Эдгээрээс таваас доошгүйг 2025 оны төсвийн жил эхлүүлж чадвал жилийн эцэст ДНБ-ий хэмжээ 95.0 их наяд төгрөгт хүрэх төсөөллийг Засгийн газраас гаргасан. Харин 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд энэ тоо 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох нь 10,000 ам.доллар болох бодит боломж байгааг Ерөнхий сайд онцолсон удаатай. 

Энэ хүрээнд Шанхайн экспод оролцох үеэрээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн хэлэлцээрийг эцэслэсэн нь энэ сараас албан ёсоор эхлэхээр болов. Үүнээс гадна Францын “Орано майнинг”-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл удахгүй эхлэх товтой. Үндсэндээ 2025 онд багтааж нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тусгасан 14 мега төслөөс гурав нь ийнхүү албан ёсоор шаваа тавьж, шангаа татах нь. 

Сануулахад ДНБ-ий хэмжээ 2024 онд 80.0 их наяд төгрөгт хүрч, 9.5 их наяд төгрөг буюу 13.5 хувиар өссөн үзүүлэлт бий. Үндсэндээ дахин хоёр мега төслийг урагшлуулахад Ерөнхий сайдын хэлсэнчлэн ДНБ-ий хэмжээ 95 их наяд бүр түүнээс ч давах нь цаг хугацааны асуудал юм. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрэх тийм хол биш гэсэн үг. Гагцхүү тэдгээр 14 мега төслийн гүйцэтгэл ямар шатандаа явна вэ? Үүний хариултыг Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Байнгын хорооны гишүүдэд дараах байдлаар өгчээ.

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ: 

868.6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл боловсруулах ажлыг “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын зураг төслийн групп” компани гэрээ байгуулан гүйцэтгэжээ. УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Монголын талаас БНХАУ-ын Засгийн газартай хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Харин Шивээхүрэн-Сэхээ болон Ханги-Мандал боомтын төмөр замын барилгын ажил Төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн дуусгаж, хил холболтын ажлыг эхлүүлжээ.

МОНГОЛ-ФРАНЦЫН ХАМТАРСАН “УРАН ОЛБОРЛОХ” ТӨСӨЛ

Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Засгийн газрын 1.6 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Үүнээс 2025 онд 95.8 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Төсөл хэрэгжих Зөөвч-Овоо ураны ордод газар дор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтаар нийт 10.5 тонн цэвэр уран бүхий 27.5 тонн шар нунтаг олборлоод байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ оны нэгдүгээр сард Зөөвч-Овоо болон Дулаан-Уул ордуудын ТЭЗҮ-ийг хэлэлцэн баталж, Засгийн газар Францын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, үндсэн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг 2025 оны эхний хагасаас эхлүүлэхээр ажиллаж байна.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газрын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэхээр болсон. Өдгөө БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас төслийн үнэлгээг хийж дууссан. Төмөр замын суурийн ажил, хүнд даацын автомашин өнгөрүүлэх гүүр, хоолой, кольц, техник засварын цехийн талбай болон байгаль орчин, археологи, палеонтологийн хайгуул судалгааны ажлыг мөн хийсэн. Зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын зарим ажлыг энэ онд хийнэ. Урьдчилсан байдлаар 79.9 сая ам.доллар зарцуулна.

ЧОЙБАЛСАН-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ: 

Төслийн судалгаа, холбогдох баримт бичгийн орчуулга хийж байна.

ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлэх нөлөөг үнэлэх Орос-Монголын хамтарсан шинжээчдийн баг ажиллаж байна. Дүгнэлт ирэх оны эхний хагаст гаргах бол “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр барих” төслийн хүрээнд Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, “Нарны цахилгаан станцын төсөл”-ийн төслийг өрсөлдөөнт худалдан авалтын аргаар зохион байгуулах талаар “Европын сэргээн босголтын банк”-тай хамтран ажиллаж байгаа юм.

ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

Нарны цахилгаан станцыг тархмал байдлаар байгуулах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан бөгөөд нийт бүс нутагт хэрэгжүүлэхэд дамжуулах сүлжээ ямар байх талаар “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит компани судалгаа хийж байгаа бол Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Тавантолгой дулааны цахилгаан станц” хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-ийг байгуулсан байна. Тус компани төслийн техник эдийн засгийн үндэслэл холбогдох судалгаа тооцоолол, зөвшөөрөл, техникийн нөхцөл, газар эзэмших эрх авах зэрэг бэлтгэл ажлыг хангажээ. Эхний ээлжинд 300МВт-аар төслийн барилга угсралт, санхүүжилтийг шийдвэрлэхээр Засгийн газар тогтоод байгаа юм. 

ТАВАНТОЛГОЙ КОКС ХИМИЙН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ:

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2.7 их наяд төгрөгийн төсөвт өртгөөр бүтээн байгуулахаар төлөвлөсөн. 

НҮҮРС ХИМИЙН “ХӨХ НҮҮРС” ЦОГЦОЛБОР 

Нялга-Чойрын хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулахаар төлөвлөж, “Хөх нүүрсний үйлдвэр”-ийн эхний шатыг 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм.

ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн эх үүсвэрийн судалгааг хийхээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Ирэх сард багтаан ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулна. 

ДАРХАНЫ ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК

Нойтон баяжуулах болон хорголжийн үйлдвэр, ширэм хайлах, ган хийцлэлийн үйлдвэрүүдийг тус тус байгуулна. Энэхүү гангийн цогцолборыг байгуулснаар энэ төрлийн бүтээгдэхүүнээс хамаарах валютын гадагшлах урсгалыг хязгаарлаж, зарим төрлийн эцсийн бүтээгдэхүүнээс экспортын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар газрын асуудлыг шийдвэрлэж, төслийн техник, технологийн шийдэл, бүтээн байгуулалтын бэлэн байдал, санхүүжилтийн эх үүсвэрийг судалж байна. 

АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР

Газрын хэвлий доорх алт, мөнгө, үнэт металлыг өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ.

ОРХОН-ОНГИ, ХЭРЛЭН-ТООНОТ УС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ

Нийт төсөв 2.7 их наяд төгрөг. Төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр Засгийн газар төлөвлөжээ. “Хэрлэн-Тооно” төслийн судалгааг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд хийсэн бол “Орхон-Онги” төслийн хүрээнд Орхон гол-Мандал-Овоо (Улаан нуур) чиглэлд 307 км, Мандал-Овоо-Тавантолгой чиглэлд 202 км ус дамжуулах хоолой барихад нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардах юм.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт 2.0 тэрбум ам.долларын төсөвтэй төслийн хэрэгжилт 25.7 хувьтай байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн багц ажил болгон хуваарилжээ. Үүнээс 2024 оны есдүгээр сарын байдлаар нэгдүгээр багц буюу технологийн бус байгууламжуудын EPC 01 ажил бүрэн дууссан. Дэд бүтэц, технологийн байгууламжуудын барилга угсралтын EPC 2-3 багц ажлууд хэрэгжих шатандаа байгаа юм. Сүүлийн багц ажил буюу гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудыг барьж байгуулах EPC 4 ажил зураг төслийн шатандаа явж байна. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК энэ оны хоёрдугаар сард EPC 04 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч, Энэтхэгийн Megha Engineering and Infrastructures Ltd компани гэрээ байгуулжээ.

ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ

Улсын төсөв болон Франц улсын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. 1.1 их наяд төгрөгийн өртөгтэй. Үндэсний хиймэл дагуулыг 2027 онд бүтээж дуусган, сансарт 36 мянган км-т хөөргөхөөр Засгийн газар төлөвлөж байна. Ингэснээр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ бий болж, бүх төрлийн интернэт суурьтай харилцаа холбооны боломж бүрдэх юм.

С.Сүлд