ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ: Эхний түүхэн алхмаа энэ Засгийн газар хийлээ

Эгийн голын усан цахилгаан станцын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө энэ Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллахаа Ерөнхий сайд Хойд бүсийн анхдугаар чуулганы хуралдааны үеэр мэдэгдэв. Үүнтэй зэрэгцээд Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компанийн нэг “UPC Renewables”-тай хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Харилцан ойлголцлын санамж бичгийг Нью-Йорк хотноо байгуулав. Үндсэндээ Монголын эрчим хүчний салбарын реформд жин дарахуйц хоёр ч үйл явдал гадаад, дотоодод ганц хоногийн зөрүүтэй болж өнгөрсөн нь энэ.

УИХ-аас Л.Оюун-Эрдэнийг хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилсны дараа тэрбээр 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улс төржилгүй хамтран ажиллахыг гишүүдээс хүссэн байдаг. Парламентад суудалтай АН, ХҮН-ийнхэнд Засагт хамтрах санал тавьж, улмаар Т.Доржхандыг гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдаар томилж байлаа. Эрчим хүчний реформын үндэсний хороог байгуулсан шалтгаан нь ч ийм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн нэн тэргүүний асуудал болсон эрчим хүчний реформыг Үндэсний хороогоор дамжуулж хийх, хөрөнгө оруулалт татах үүрэг нь ХҮН-ийн дарга Т.Доржхандад очсон хэрэг. 

Ямартай ч Хамтарсан Засгийн газрыг байгуулснаас хойш жил хүрэхгүйн хугацаанд дэлхийн тэргүүлэгч компанитай санамж бичиг байгуулж, хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болж буй нь маргаангүй сайн мэдээ. Ингэснээр “UPC Renewables”-гийн зүгээс Дундговь аймагт нийт 2400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр болж байна. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Энэ хүрээнд гаднын олон байгууллага, компаниас ногоон эрчим хүчний эх үүсвэр барих саналыг тавьж ирсэн түүхтэй. 1.6 жилийн хугацаанд 1ГВт нарны эрчим хүчний эх үүсвэр барих саналыг хөрөнгө оруулагчдын зүгээс тавьсан гэдгийг Шадар сайд Т.Доржханд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үеэр мэдэгдэж асан удаатай. 

Харин үүний эхлэл болгож Дундговь аймагт салхин цахилгаан станц байгуулахаар болсон нь үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Монгол Улс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах нь. Үндсэндээ эрчим хүчний реформын хүрээнд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхим Шадар сайд Т.Доржхандаар дамжуулан эхний түүхэн алхмаа хийлээ. 

“Энэхүү түншлэл нь Дундговь аймгийн дэлхийн хэмжээний салхины нөөцийг үр ашигтай ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно.” гэдгийг “UPC Renewables Asia Pacific” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд онцолжээ.

Бусад төслөөс ялгаатай сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол Улс дотооддоо үйлдвэрлэх, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах гэнэ. Нар, салхины эрчим хүчний эх үүсвэр барих нь бусдаасаа ялгаатай бас давуу тал нь олон. Богино хугацаанд барьж болдгоос гадна байгальд ээлтэй гэдгээрээ онцлог. 

Ийнхүү “ТЭЦ-V”-аас өөр ярих эрчим хүчний шинэ эх үүсвэргүй, шийдвэргүй, шийдэлгүй 30 жил мунгинасан Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, нөөц боломжоо ашиглаад ч болтугай реформ хийхээр болсон нь түрүүчээсээ үр дүнд хүрч байна. 60 жилийн турш ярьсан ч огт хөндөөгүй, хөндөхийг ч хүсээгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах ажил нь удахгүй эхэлнэ. Энэ төсөл олон улсад болон эрчим хүчний салбарт сайн дохио өгөх нь мэдээж. Залгуулаад Монгол Улсын эрчим хүч экспортлох бүс болох говьд 2400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц барих нь. 2030 оноос БНХАУ-д эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх төлөвтэй гэж үзвэл Монгол Улс эрчим хүчний мега төсөл говийн бүсэд эхлүүлэх нь зүй.

Эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр, хүчин чадлаа нэмэгдүүлэхгүйгээр, нөөц боломжоо ашиглахгүйгээр, найдвартай эх үүсвэрийг бий болгохгүйгээр хот байгуулж, эдийн засгаа тэлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэдэг хоосон бас холын мөрөөдөл төдий сонсогдоно.

Г.Эрхэс