Н.Учралын кабинет БРАВО!
Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзжээ. Асуудал нь тодорхой, агуулга нь ойлгомжтой. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон тухай. Үүнийг нь “Энержи Ресурс”, “Ачит Ихт”, “МАК” тэргүүтэй компанийн удирдлагууд ч дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Үндсэндээ:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөж гэдэгт юу хамаарахыг тодорхой болгоно.
- Үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ.
- Үр өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлнө.
- Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулахаар Н.Учралын танхимаас яаралтай горимоор өргөн мэдүүлж, батлуулах хуулийн төслийн цар хүрээ, гол цөм нь.
Санаж байгаа бол стратегийн орд эзэмшигч компанийн төлөөллүүд өмнөх Засгийн газартай 60 хувийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд 60 хувийн өгөөж гэдэгт юуг, хэрхэн тооцох нь ойлгомжгүй байдлаар явж иржээ. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм, тоглогчид нь тодорхой болсон ч шүүгчгүйгээр өнөөдрийг хүрсэн хэрэг.
Ерөнхий сайд Н.Учрал ч үндэсний томоохон компанийн төлөөлөлтэй албан ёсны уулзалт зохион байгуулж, түүнийгээ иргэдэд нээлттэй зохион байгуулсан нь ийм учиртай. Магадгүй “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ. Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг цөхрүүлж Ардын нам ард түмний дэмжлэгээс алсарч байна” хэмээн МАН-ын даргын байр суурь энэ удаагийн уулзалтаар илүү тодорсон байх талтай.
Ямартай ч УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төслөөр 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуульчлах нь ойлгомжтой боллоо. Мөн тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг тогтоох нь. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ч тусгай АМНАТ-өөр орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд шууд очвол, иргэдийн хуримтлалын нэрийн дансан дахь мөнгө нэмэгдэх бололцоо бүрдэх нь.
Ийнхүү Үндэсний баялгийн санг бүрэн зураглалаар “амь оруулах” асуудал Засгийн газар болон хөрөнгө оруулагч нарын харилцан ойлголцлоо албажиж, ажил хэрэг болох нь ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн төслөөс хамаарахаар болж байна. Хэрвээ орд эзэмшигч нэг бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдаж, олон жил зарцуулах эрсдэлтэйг өмнө нь бид хангалттай харсан, үзсэн, сонссон. Үр дүнд нь салбарын сайд эсвэл Ерөнхий сайд нь чуулганы нэгдсэн хуралдааны индрээс дурын нэг хөрөнгө оруулагчаа занаж, заналхийлж, зандарч явсныг нийтээрээ харсан уу гэвэл харсан.
Хэдэн улстөрч хожсон, хэсэг хүний улс төрийн зорилго биеллээ олсноос өөрөөр нийтээрээ буюу ард түмэнд өгөөж очоогүй бүр наалдаагүй. Гагцхүү ийм асуудал дахиж үүсгэхгүйн тулд нүүр, нүүрээ харж байгаад нэг хуулиар асуудлаа цогцоор нь шийдвэрлэх боломжийг илэрхийлсэн нь нэг талаар сайн жишиг, нөгөө талаар Н.Учралын Засгийн газарт алга таших шалтгаан.
2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг иргэний хуримтлалын санд оруулдаг. “Е-Mongolia” системд байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон. 2026 онд 500 мянган төгрөг болохоор байна.
Харин холбогдох хуулийн зохицуулалтыг аль эрт баталж, хөрөнгө оруулагчидтай ам хэлээ ололцсон бол энэ тоо хэдийнэ 1 сая төгрөгт хүрэх байсныг Засгийн тэргүүн зүгээр ч нэг онцлоогүй. Төслийг батлуулснаар иргэд цаг алдалгүй стратегийн орд ашиглалтаас үр өгөөж хүртэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бий болох нь иргэдэд ч, эдийн засагт ч дэмтэй болохыг тойруугаар бус шууд хэлсэн нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, жилийн эцэст “Е-Mongolia” дахь иргэний хуримтлалын сан арвижсан байх нөхцөл бүрдэж, “Win-Win” зарчим үйлчлэхийг онцолсон нь хэн хэндээ таатай мэдээ байв.
Өөрөө ч хэлнэ лээ, “Засгийн газар байгуулагдаад “Чөлөөлье” санаачилгыг бодитой ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Монгол Улс хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулагчдыг урт хугацааны хөгжлийн стратегийн түнш гэж үздэг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол бизнесийн орчныг хүндрүүлэх биш, харин олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэж, тогтвортой ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна” гэдгийг.
Гагцхүү үндэсний хөрөнгө оруулагчидтайгаа хөшигний ард уулзаж, ханцуйндаа эрх ашгаа наймаалцах бус ширээ тойрч суугаад хэн бүхэнд нээлттэй байдлаар асуудлаа ярилцаж, агуулгаа тохиролцож эхэлсэн нь дэвшил байлаа.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн 16 ордыг баталсан. Мөн хавсралтад нь стратегийн ордод хамаарах эсэхийг тогтоох 39 ордын жагсаалт гаргажээ. Стратегийн 16 орд газруудаас 8 орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд үлдсэн 8 орд газарт хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эхлүүлсэн байдаг.
Үүнд:
Нүүрс:
1. Тавантолгой
2. Нарийн сухайт
3. Багануур
4. Шивээ-Овоо
Зэс, алт, молибден:
5. Эрдэнэт
6. Оюу толгой
7. Цагаан суварга
Уран:
8. Мардай
9. Дорнод
10. Гурванбулаг
Алт:
11. Бороо
12. Гацуурт
Төмөр:
13. Төмөртэй
Цайр:
14. Төмөртэйн овоо
Фосфорит:
15. Бүрэнхаан
Мөнгө:
16. Асгат багтаж байна.