Б.Болдсайхан: Үр хүүхдийнхээ төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэнд талархъя

Монголын Засгийн газраас 2.5 сая Файзер вакцин худалдан авах гэрээ байгуулж, эхний ээлжийн тунг оруулж ирээд байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцооллоор тус вакциныг 12-16 насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөсөн. Энэ талаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан сууриа илэрхийлжээ.


Тэрбээр "Шинжлэх ухаан гэдэг шашин шиг юм биш. Маш олон судалгааны төв, олон хүнд хийгээд гарсан үр дүнгээ ярьж байгаа. Ковид бол дэлхийд анх удаа гарч байна. "Би анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй" гэж ярьдаг. Монголчууд, иргэд ч алдаж байна. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд байж байна. Монголын Засгийн газар, АНУ ч алдсан. Америк ямар байсныг та нар санаж байгаа байх. Хүнээ тавих газар байхгүй Дэлхийн II дайны үе шиг массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа, гэхдээ хамгийн бага алдах ёстой. Энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон, уй гашуу байдаг учраас хамгийн бага алдах ёстой. Бид бусад орнуудтай харьцуулаад байгаа нь тэдний алдаанаас суралцах ёстой. Вакцин тариулаад маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг хийчихсэн юм шиг болж байгаа юм биш. Огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүнд вирус орж ирж байна. Дэлхий даяар вакцин хийлгэсэн хүмүүсээс нэлээд өндөр хувь буюу 4-5 хувь нь халдвар авч байна. Зарим оронд үүнээс ч өндөр. Монголд харьцангуй бага.

Азаар Монголын Засгийн газар маш сайн ажилласан. Би иргэн хүнийхээ хувьд, эмчийнхээ хувьд Монголын Засгийн газарт, Ерөнхий сайдад, Гадаад харилцааны сайдад, Сангийн сайдад, УОК-т бүгдэд нь талархмаар байна. Монгол баян тарган, чадалтай улс биш. Эдийн засгийн, эрүүл мэндийн системийн хувьд ч тэр. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, УОК сайн ажилллаад, иргэд ухамсартай хандаж вакциндаа ингэж сайн хамрагдаагүй байсан бол тархвар судлаачдын тооцоолж байгаагаар доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд, 1000-аас дээш үхэлтэй байх байсан. Бүх эмнэлэг дүүрээд жилийн өмнөх Итали, Герман, Франц, Америк шиг зөвхөн үхэх гэж байгаа хүнээ аппаратад авна. Зарим нь аваад ч нэмэргүй гэдэг дээрээ тулаад улс даяараа эмгэнэлтэй байдалд байхаар байсан. Хоёр сая хүнээс өдөрт 1300 гэдэг их бага хэмжээ. 0.3 хувь байна гэсэн үг. Энэ бол байх ёстой үзэгдэл. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийнх бүр бага . Вакцинаа хийлгэсэн хүмүүс хүндэрч, өвдөх нь харьцангуй бага, бараг байхгүйтэй адилхан. Хоёр сая хүнд вакцин хийхэд тодорхой хэсэг нь өвдөнө, хүндэрнэ, нас барна. Вакцин хийлгээгүй хүмүүс бүр илүү эрсдэлтэй. Зургадугаар сарын 1 гэхэд Улаанбаатарт хоёрдугаар тунгаа хийж дуусна гэсэн. Тэглээ гээд өвдөлт бүр алга болохгүй. Тэр байтугай энэ зун, энэ намар алга болохгүй.

Сүүлийн үед хүүхдийн халдвар нэмэгдэж байна. Яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн үед 50,60 хувь нь хүүхдүүд өвдөж байна. Монгол хүүхэд залуусын орон. 16 хүртэлх насны хүүхдүүд хүн амын 30-аад хувь байна. Эдгээр хүнд огт вакцин хийгээгүй болохоор халдвар дамжиж байна. Харамсалтай нь сүүлийн үед хүүхдүүдээ таргалуулдаг болсон. Чихрийн шижинтэй, суурь өвчтэй, дархлааны өөрчлөлттэй хүүхдүүд их болсон. Засгийн газрыг магтдагийн учир нь наймдугаар сарын дундуур хичээлийг эхлүүлнэ гэсэн. Түүний өмнө хүүхдүүдээ вакцинжуулна гээд хамгийн үнэтэй, хүндрэл бага "Файзер"-ыг эхнээсээ оруулж ирж байна. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцин хийлгэхээс өөр арга байхгүй. Хамгийн аюулгүй, гайгүй вакцин нь "Файзер" гэсэн. Тиймээс би Засгийн газарт талархмаар байна. Хамгийн түрүүнд би 15-тай хүүгээ аваачиж хийлгэнэ. Би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрээсэй, үхээсэй гэж хүсч байна. Хоёр сая том хүн вакцин хийлгэчихээд яагаад хүүхдүүдээ хамгаалахгүй байгаа юм. Эхнээсээ өвдөөд үхээд байна. Эднийхээ төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирж байгаад талархмаар байна” гэлээ.