ЭЕШ-ыг ирэх сарын 19-22-нд зохион байгуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар тогтлоо. Шалгалт хойшлуулсан шалтгаан нь тодорхой. 40 мянган хүүхдээс 10 мянга нь элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадахгүй бодит эрсдэл нүүрлэсэн. Олонх нь хөдөөнөөс аймгийн төв рүү орж, шалгалтаа өгөх ёстой. Мөн тухайн үед 2400 орчим хүүхэд өвдсөн байсан. ЭЕШ-аар ажиллах багш нар вакцинд бүрэн хамрагдаагүй байсан тул эрсдэлд оруулахыг хүсээгүй. Хэрэв шалгалтыг хойшлуулаагүй бол 40 мянган хүүхдээс 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан. Учир нь тухайн үед хүүхдүүд, ээж аавууд эхний тунгаа хийлгээд байсан юм. Харин одоо зохион байгуулахаар болж байна. Гэхдээ нэг том эрсдэл байна. Тэр нь "Дельта" вирусийг ямар эрсдэл дагуулахыг хэлж мэдэхгүй" гэлээ. Мөн хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд "0-2 насны хүүхдийг 100 цэцэрлэгт хамруулах хүндрэлтэй. Тиймээс өөр гарц шийдлийг боловсруулж байгаа" гэсэн юм.