Б.Пүрэвдорж: 31695 хүнийг цагаатгаж, 20220 хүнд нөхөн олговор олгосон
Б.Пүрэвдорж: 31695 хүнийг цагаатгаж, 20220 хүнд нөхөн олговор олгосон
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хууль зүйн байнгын хорооны холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүн гараагүй аж. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 1 зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж Байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь дэмжсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуу Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авав. Хуулийн төслийн хүрээнд нөхөн олговор авах хүсэлт гаргах эрхийг дахин нээж буйг дэмжсэн бөгөөд цаашид хилс хэргээр хохирсон иргэдийн эрхийг хамгаалах, ийм төрлийн хэлмэгдүүлэлт дахин гарахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан. Нийтдээ 31695 хүнийг цагаатгаж, 20220 хүнд нөхөн олговор олгосон гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн тэмдэглээд “Хуулийн төсөл батлагдсанаар 43 хүний нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэнэ” хэмээн тайлбарласан. Түүнчлэн хэлмэгдүүлэлтийн үеэр сураггүй алга болсон хүмүүсийг олж тогтоон цагаатгах, 17 бүлэг гэмт хэргийн хоморгонд хилсээр яллагдсан хүмүүсийг цагаатгах ажлыг хийснээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажил дуусна хэмээлээ. Энэ бүхний дараа цаашид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэх явдлыг дахин гаргуулахгүй байхад анхаарах, энэ түүхээ олон нийт, тэр дундаа ирээдүй хойчдоо мэдүүлэх, сануулах зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг Үндэсний ой санамжийн газар болгох зорилготой ажиллаж байгаагаа дуулгасан. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газрын архивыг цахимжуулах, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад байгаа, хэлмэгдсэн гэж тооцогдож байгаа 660 орчим хүний хувийн архивыг цахимжуулах гэх зэрэг ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа гэлээ.